ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт айлчилж байна

Х.Батсайхан
1 цаг 28 минутын өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Энэтхэгт айлчилж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн худалдаж авсны учир Энэтхэгт гаалийн татвар ногдуулна гэж занаснаас хойш олон нийтийн анхааралд ороод буй тус айлчлаар хоёр улс улс төр, худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, соёл, хүмүүнлэгийн салбараас гадна геополитик, зэвсэглэл, газрын тос зэрэг стратегийн салбарт өргөн хүрээтэй хэлэлцээр өрнүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, Энэтхэг, ОХУ хоёр улс АНУ-ын бодлогыг хамт сөрнө гэдгээ тунхаглах айчлал болно гэж хэвлэлүүдэд бичиж байгаа юм. 

Барууны орнууд Энэтхэгийг бүс нутгийн хүчирхэг тоглогч болохынх нь хувьд Украины асуудлаар ОХУ-д шахалт үзүүлэхийг ил тод шаардаж ирсэн ч Н.Моди  хэлэлцээрт уриалахаас илүү алхам огт хийгээгүй юм.  

Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, В.Путин айлчлалынхаа үеэр Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурмутай уулзаж, Орос-Энэтхэгийн 23 дахь дээд хэмжээний уулзалтад оролцоно. Мөн Ерөнхий сайд Нарендра Моди тэргүүтэй Энэтхэгийн төлөөлөгчидтэй дээр дурдсан салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх гэнэ.

Энэтхэг, ЗХУ 1947 оны 4-р сарын 13-нд (Энэтхэг улс Их Британиас албан ёсоор тусгаар тогтнолоо зарлахаас дөрвөн сарын өмнө) дипломат харилцаа тогтоосон байдаг. Улмаар 1991 оны 12-р сарын 26-нд Бүгд Найрамдах Энэтхэг Улс Орос улсыг ЗХУ-ын хууль ёсны залгамжлагч гэж хүлээн зөвшөөрчээ. 1993 оны 1-р сард Оросын Ерөнхийлөгч Борис Ельциний Энэтхэгт хийсэн албан ёсны айлчлалын үеэр 1971 оны өмнөх хэлэлцээрийг орлосон Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

В.Путин төрийн эрхэнд гарснаар хоёр улсын харилцааны онцгой тааламжтай үе эхэлсэн гэж үздэг бөгөөд тэрбээр 2000 оны аравдугаар сард анх Энэтхэгт айлчилж, Стратегийн түншлэл байгуулж, 2010 онд харилцааны статусыг онцгой, давуу эрх бүхий стратегийн түншлэл болгон сайжруулсан. Энэ удаагийн айлчлал нь Энэтхэгт хийж буй 10 дахь удаагийн айлчлал бөгөөд дунджаар 2.5 жилд нэг удаа айлчилжээ. Одоогийн байдлаар хууль эрх зүйн хүрээ нь 250 гаруй баримт бичигтэй. Энэтхэгийн төр, Засгийн тэргүүнүүд Москвад айлчилсныг тооцвол бараг жил бүр харилцан өндөр түвшний айлчлал хийдэг бөгөөд 22 удаагийн дээд түвшний уулзалт хийсэн байна.

Өнөөдөр, маргааш /XII.04-XII.05/ үргэлжлэх уг айлчлалын талаар бид үргэлжлүүлэн мэдээлэх болно. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна