Түлэнхийн төвийн эмч нар буруу аппарат залгаснаас болж, 8 сартай хүүхэд амиа алдсан хэрэг дөрвөн жил шийдэгдсэнгүй

Т.Отгонсувд
3 цаг 46 минутын өмнө

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны 12-р сард найман сартай хүүхэд гэртээ гараа түлж түлэнхийн төвд эмчлүүлэхээр очжээ. Улмаар тухайн эмнэлгийн эмч ажилчид хүүхднд том хүний аппарат андууран залгаснаас үүдэж хүүхэд гурван минутын дотор бие нь хийлэгдэн, дэлбэрч нас барсан байна. 

Тухайн цаг үедээ цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаад ар гэрийнхэн нь гомдолтой байгаа талаар манай сайтад хандсан юм. 

Хүүхдийн аав М.Бахытжан "2022 онд би Дорноговь аймагт харуулын ажил хийж байх үед манай хүүхэд түлэгдэн эмнэлэгт очиж байсан. Хоёр хоногийн дараа эмнэлгээс гарч болно гэж байсан хүүхдийг минь сувилагч буруу аппарат залгаснаас болж нас барсан. 

Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхлээд надаас болоод манай гэр бүлээс мэдүүлэг авч байсан ч өнөөдрийг хүртэл тус хэрэг хаана яваа нь мэдэгдэх зүйл алга. 

Миний том хүү одоо хүртэл дүүгээ нэхэж, эхнэр минь сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж, ууртай уцаартай болсон. 

Мөнгөгүй хүний хэрэг ингээд дарагдаад өнгөрдөг юм уу. Хууль шүүхийнхэн энэ хэрэгт анхаарч өгч, хуулийн дагуу энэ хэргийг шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэж байна. Түлэнхийн төвийнхөн бидэнтэй уулзаж, уучлалт ч гуйгаагүй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна