БАРИМТ: Нэгдүгээр эмнэлгийн гал тогооноос Яармагт байрлах Хан-Уулын Нэгдсэн эмнэлэг рүү өвчтөнүүдийн хоолыг зөөхөөр болжээ

Zuv.mn
3 цаг 11 минутын өмнө

-Улс, дүүргийн хоёр том эмнэлгийн өвчтөнүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах уу-

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дүүргийнхээ Дөрөвдүгээр хороо, Арцатад /Яармагт/ өөрийн байрандаа байрладаг. Энэ бол хотын төвөөс 13 км зайтай гэсэн үг бөгөөд автомашинаар очихын тулд лавтай хоёр цаг буюу түүнээс дээш хугацааг авто замын түгжрэлд зарцуулж байж хүрч очдог газар. Асуудлаа шууд бичилгүй байршил, хотын төвөөс очих хугацааг эхлээд онцолсон нь тус эмнэлэг эмч, ажилчид, өвчтөнүүдийнхээ эмчилгээний зориулалттай хоолыг он дуустал Улсын Нэгдүгээр төв эмнэлэгээс зөөхөөр болсон явдал юм.

Жилд тэрбум, тэрбумаар катеринг үйлчилгээ авдаг эмнэлэг

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг эмч ажилтан, хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийнхээ эмчилгээний хоолыг гаднын байгууллагаас авдаг юм байна. Томоохон эмнэлгүүдийн тухайд өөрийн гэсэн гал тогоо, зоогийн газартай бөгөөд тэндээ мэргэжлийн ААН-үүдээр эмчилгээний хоолоо бэлдүүлж авдаг жишиг тогтоод удсан аж. Гэвч харамсалтай нь Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг өөрийн гэсэн гал тогтоогүйн улмаас эмч ажилчид, өвчтөнүүдийнхээ эмчилгээний хоолыг багагүй хугацаанд катеринг үйлчилгээний ААН-үүдээс авч иржээ. Төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны нээлттэй платформ tender.gov.mn цахим хуудсаас шүүж үзэхэд 2023 онд 1.4 тэрбум төгрөгийн, 2024 онд 821 сая, 610 мянган төгрөгийн, 2024 оны аравдугаар сарын 28-нд Био салбарын эмчилгээний болон ажиллагсдын хоолны хүнсний материал худалдан авах 126 сая төгрөгийн гэх мэт тендерүүд хөвөрнө.

Энэ жишгийн дагуу тус эмнэлэг найман сарын турш эмчилгээний хоол нийлүүлэх, 1 тэрбум 171 сая төгрөгийн төсөвтэй  ээлжит тендерээ зарласан бөгөөд “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК, “Сити Агро Эх” ХХК гэх хоёр ААН өрсөлдөж, “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК 1,071,495,900 төгрөгийн санал өгөн, шалгарсан юм байна.


Хамгийн гол нь, энэхүү “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК нь Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зоогийн газрыг ажилуулж, тус эмнэлэгт эмчилгээний хоол нийлүүлдэг бөгөөд тэндээ хоол ундаа бэлдэж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг рүү зөөхөөр болж буй аж.

Эмчилгээний хоол бол маш сайн чанарын хүнсний материал ашиглаж, энгийн боловч чанарын шаардлага хангасан нөхцөлд бэлтгэгдэн, хамгийн чухал нь шинээрээ үйлчлүүлэгчдэдээ хүрч байж “Эмчилгээний” гэдэг нэрэндээ дүйцдэг учиртай.

Гэтэл хотын хамгийн түгжрэлтэй цэг болон Багшийн дээдийн уулзварын хойно байрлалтай Нэгдүгээр төв эмнэлэгт бэлтгэсэн хоолыг хаа холын, мөн л хамгийн их түгжрэлтэй бүс болох Яармагийн Арцатын аманд байх эмнэлэг рүү зөөнө, түүгээр нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 125 өвчтөн, 77 хүүхэд, 30 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хооллоно гэдэг өвчин тусаж дрхлаа нь суларсан хүмүүс, хүүхдүүдийн эрүүл мэндийг нь шууд эрсдэлд оруулж байгаатай ялгаагүй үйлдэл болжээ.


Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг улсын төсвөөс санхүүждэг. Өөрөөр хэлбэл, энэ мөнгө хэвтэн эмчлүүлэгсдийн халааснаас гарч байгаа. Гэтэл төлсөн мөнгөнд нь хаа холоос зөөсөн хоолоор үйлчилнэ гэдэг ёс зүйгүй үйлдэл санагдана.

Нэгдүгээр эмнэлгийн хоолны үйлчилгээг “баздаг” “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК-ийн ард захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анхтуяа байгаа юу

Улсын бүртгэлийн байгууллага болон төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааны платформоос мэдээллийг нь татаж үзэхэд  “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК, “Сити Агро Эх” ХХК нь хоёул салбартаа олон жил үйл ажиллагаа явуулсан, энэ салбартаа ажиллаж дадсан туршлагатай ААН-үүд юм байна. 

Гагцхүү ялагч болсон “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК нь хоорондоо хол байрлах хоёрын хоёр том эмнэлгийн эмчилгээний нарийн технологитой хоолыг нэгнийх нь гал тогоонд бэлтгэж зөөвөрлөх болсон, түүнийг нь хоёр эмнэлэг хоёул хүлээн зөвшөөрч, өвчтөнүүдийн эрх ашиг, эрүүл мэнд эрсдэлд орох нөхцөл үүссэнд л асуудал байна. 

“Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК тендерийн материалдаа хавсаргасан, Хан-Уул дүүргийн дүүргийн Нэгдсэн эмнэлэгт нийлүүлэх эмчилгээний хоолыг бэлтгэх газрын галын дүгнэлт 

Тодруулбал, “Үлэмж Эс Жи Жи катеринг” ХХК Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээний хоолыг нийлүүлэх тендерт 2024 онд 2,615,157,450 төгрөг, 2025 онд 2,355,430,500 төгрөгийн тендерт ялан үйлчилгээ үзүүлж буй.  

Үүндээ сэтгэл ханалгүй өөр эмнэлэгт үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож, ялж байгаа нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон П.Анхтуяатай холбоотой байж магадгүй гэх мэдээлэл байна. Учир нь, тус эмнэлгийн гал тогоог ашиглан хоол унд бэлтгэдэг байж дахин өөр том эмнэлгийн их хэмжээний хоол ундыг бэлтгэхэд эмнэлгийн удирдлагуудын зөвшөөрөл шаардагдах нь зайлшгүй юм. Энэ нь нөгөө талаар Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн өвтөнүүд, ажилтнуудын хоолны үйлчилгээнд ч сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүсгэж болзошгүй гэсэн үг.

Гэвч Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг ч, Улсын Нэгдүгээр төв эмнэлэг ч энэ нөхцөл байдлыг үүсгэхээр зөвшөөрсөн нь өвчтөнүүдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулсан ёс зүйгүй үйлдэл байж болзошгүй байгаа юм.     



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.