Утааны асуудлаар ээлжит бус чуулган хуралдана

2017/01/16
УИХ-ын намрын ээлжит чуулган хоёрдугаар сарын 10-ны өдөр завсарлахаар хуульд заасан. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ээлжит бус чуулган зарлах шийдвэрийг гаргаад байгаа. Энэ сарын 13-ны өдөр хуралдсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн 1.6-т зааснаар 2017 оны эхний улиралд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан энэхүү зөвлөмжийн 1.1-.1.4-т заасан асуудлыг хэлэлцэж, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг батлах, 2.1-т энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг 2017 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж, УИХ-д өргөн барих үүргийн өгсөн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид:
• 1.1-т Агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн түвшинд хүрсэн гэж үзэж, онцгой байдлын горимоор ажиллах, гамшгийн бүс тогтоож хориглох зүйлсийг гаргах, нүүлгэн шилжүүлэх, нөхөн сэргээх, дахин төлөвлөх үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах,
• 1.2-т Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам, их дээд сургуулиуд, тэдгээрийг дагасан дэд бүтцийн байгууламжуудыг нүүлгэн шилжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх
• 1.3-т Агаар орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоог бий болгох эрх зүйн орчинг бүрдүүлэх
• 1.4-т Орчны бохирдлыг бууруулахад иргэд, байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, олон нийтийн хяналтыг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг асуудлуудыг багтаасан. Засгийн газраас дээрхи дөрвөн заалтад тусгасан хөтөлбөрийг батлах, хууль эрх зүйн орчныг сайжруулж, УИХ-д хоёрдугаар сарын 20-ны дотор өргөн барих үүрэг хүлээгээд байгаа.

Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна