АНУ-ын Калифорни, Марин мужийн захиргаанд ажилладаг Нийгмийн Эрүүл Мэндийн Мэргэжилтэн Д.Юмчиндоржтой агаарын бохирдлын асуудлаар ярилцлаа. Тэрбээр АНУ-ын Беркелеу хотын Калифорни Их Сургуулийн, Эрүүл Мэндийн Сургуульд Мастерийн зэрэг хамгаалсан аж.
Мөн дотоод болон гадаах агаарын чанарын талаар олон жилийн турш судалгаа шинжилгээ хийж, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой хэд хэдэн төсөл дээр тус их сургуулийн профессоруудтай хамтарч ажиллажээ.
-Сайн байна уу. Таныг саяхан Ерөнхий сайдад утааны асуудлаар хийсэн судалгааныхаа тайланг хүргүүлсэн гэж дууллаа. Энэхүү судалгааныхаа талаар товч танилцуулахгүй юу?
- Тиймээ, төслийн багийн гишүүд маань Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын танхимд Агаарын бохирдлын асуудлаар хийсэн судалгааныхаа тайланг явуулсан. Миний хувьд энэхүү судалгаанд оролцсондоо баяртай байна.
Энэ судалгаа нь нийт Улаанбаатар хотын иргэддээ, аав ээж, ах дүү садан болон бүх найз нөхөддөө зориулж чин сэтгэлээсээ хийсэн судалгаа. Олон хүн оролцсон сайхан судалгаа болсон. Мянганы сорилийн сангийн судалгааны багийнхан болон хэмжилтийн багийн гишүүд 1200 орчим айл өрхөөр явж, нэг бүрчлэн айлын гэр доторхи агаарын бохирдлын хэмжилт, тэдний хэрэглэж буй түлш, зуухны хэрэглээ болон айл өрхийн эдийн засгийн чадавхид тулгуурлаж хийсэн судалгааг ашигласан.
Мөн Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн сүүлийн 10 жилийн нас баралтын шалтгаан зэргийг нарийвчлан судалж, судалгаандаа хэрэглэсэн. Эрүүл Мэндийн Яам, Байгаль Орчин Ногоон Хөгжлийн яам, Эрчим Хүчний яам, ШУТИС болон бусад байгууллага, иргэд дэмжиж гар бие оролцсонд талархаж байгаа.
Судалгааны багт маань Беркелеү хотын Калифорны Их Сургууль, Ирвин хотын Калифорны Их Сургууль, Вашингтон хотын Саинт Луисын Их Сургууль, Монгол Улсын Анагаах Ухааны Их Сургуулийн эрдэмтэд хамтарч ажилласан.
Энэхүү судалгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй баримт дээр тулгуурлаж хийгдсэн. Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын агаарын бохирдол нь насанд хүрсэн 1250 хүмүүсийн зүрх судас болон уушигний өвчлөл үүсэхэд нөлөөлөн аминд нь хүрсэн, 120 хүүхдүүд хатгалгаагаар нас барсан байна гэдгийг олж тогтоосон.
Агаарын бохирдлын нөлөөллөөс болж 6 цаг тутамд нэг хүн цагаасаа эрт нас бардаг гэсэн дүгнэлт гарсан. Хэрвээ агаарын бохирдолд хяналт тавьж багасгахгүй бол энэ байдал улам даамжрах аюултай. Үүнээс үүдээд агаарын бохирдлын тогтолцоог энэ байдлаар нь үргэлжлүүлбэл 2017-2024 оны хооронд эрт нас баралтын тоо 13000-аар ихсэнэ. Тиймээс хурдан шуурхай арга хэмжээ авах нь нэн шаардлагатай гэдэг дүгнэлтийг гаргаад байна.
Энэхүү судалгаа нь дэлхийд нэр хүндтэй “PLOS ONE”сэтгүүлд удахгүй хэвлэгдэн гарах юм. Дараах линкээс судалгааг бүрэн ихээр унших боломжтой.
http://www.kirkrsmith.org/publications/2014/6/15/air-pollution-and-health-in-ulaanbaatar
-
Хөгжсөн орнууд утааны асуудлаа хэрхэн шийдсэн байдаг вэ. Сайн туршлагуудаас хуваалцахгүй юу?
-Зөв асуулт асуулаа. Дэлхий дээр асар олон оронд өвөл болдог. Тэгвэл дэлхийн ихэнхи орны агаарын чанар яагаад сайн байгаад байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Япон, Франц, Скандиновын орнууд, Герман, АНУ гээд л эдгээр орнууд төвийн халаалтаа байгалийн хийгээр хангадаг. Франц, Япон цөмийн эрчим хүчийг бас түлхүү ашигладаг. Мэдээж аюулгүй байдлын технологоо нарийвчлан тооцсон байдаг. Нэг жишээг манай судалгааны багийнхан байнга хэрэглэдэг. 1959 онд Лондон хотын иргэд хэдэн мянгаараа агаарын бохирдлоос болж нас барсан. Дэлхийн 2-р дайны үеийн бөмбөгдөлтөнд олон хүнээ аварч чадсан ч, амьсгалаар дамжин орж байгаа нүүрсний хорт утаанаас Лондон хот тэдгээр хүмүүсээ аварч чадаагүй. Улмаар Лондон хотын захиргаа яаралтай арга хэмжээ авсаны үр дүнд 10 жилийн дараа гэхэд цэвэр агаартай хотуудын тоонд багтаж чадсан. Тэд нүүрсний хэрэглээг хотын хэмжээнд (айл өрхүүд болон аж ахуй нэгжүүдийг хэрэглэхийг) бүрмөсөн хориглосон. Байгалийн хийг голчлон хэрэглэсэн байдаг л даа.
-
Ерөнхий сайдын зүгээс утааг багасгах үүднээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг 00 төгрөг болгох шийдвэр гаргасан. Энэ шийдлийг та хэрхэн үнэлж байна вэ?
-Энэ бол түр зуурын л арга хэмжээ. Гэр хорооллын айлууд шөнөдөө тав тухтай дулаахан хонох юм даа. Ер нь бол өглөө оройдоо л хүмүүс галаа их түлдэг. Би 2012-2013 оны хооронд Мянганы Сорилийн Сангийн Эрчим Хүч ба Байгаль Орчин Судалгааны Хэмжилтийн багийнхантай Улаанбаатар хотод олон айлаар орж, өдөрт хэдэн удаа гал түлдэг вэ гэдэг судалгааг хийж байсан. Айлуудын ихэнхи нь өглөө, оройд л галаа их түлдэг гэх хариултыг өгч байсан. Ажилдаа явахаас өмнө, ажлаа тарж ирээд хоолоо хийх үедээ, унтахаасаа өмнө нүүрс түлдэг гэсэн үг. Гэр хороолол өглөө, оройдоо утаатай байдгийн гол шалтгаан бол энэ.
-
Ерөнхийлөгчийн зүгээс Төрийн байгууллага, их дээд сургуулиудыг гаргах санаачлага гаргасан. Энэ нь хэр оновчтой санаачилга вэ.
-Үүнийг оновчтой санаачлага гэж бодож байна. Хэрвээ энэ санаачлага ажил хэрэг болж чадвал хотын төвийн түгжрэл, автомашины утаа багасах бүрэн боломжтой.
-
Улаанбаатар хотыг ойрын хугацаанд утаанаас салгах шийдэл гарц нь таны бодлоор юу байх вэ?
-Олон төрлийн арга хэмжээг зэрэг авах хэрэгтэй л дээ. Тухайлбал, хотын иргэддээ агаарын чанарын талаар зөв ойлголтуудыг өгөх, агаарын бохирдлоос эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх зөв мэдээллүүдийг тараах зэрэг нь чухал алхмуудын нэг.
Сүүлийн үеийн хэмжилт судалгаанаас харахад агаарын бохирдол нь хотын хүн амын өсөлтѳѳс шууд хамааран өссөннөөр харагдаж байна.
Нэмж хэлэхэд, Улаанбаатар хотын агаарын бохирдол газар зүйн байршлаараа арай өөр байдаг. Тухайлбал, Пр.Жаү Турнер судалгааны багийн нэг гишүүн Улаанбаатар хотын агаарын бохирдлын тоосонцрын ширхэг болон хэмжээ дүүрэг дүүргээр өөр өөр байгааг 2016 оны 10-12 саруудынхыг 2014, 2015 харьцуулсан графикаар харуулсан. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр үйлдвэрлэл явуулж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд бас хяналт тавих хэрэгтэйг харуулж байгаа юм.
Аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ явуулахдаа агаарыг бас тодорхой хэмжээгээр бохирдуулж байгаа учир тэд ч гэсэн татвар төлөх хэрэгтэй л дээ. Тэр татварын мөнгийг агаарын бохирдол багасгах үйл ажиллагаанд ашиглах гэх мэт. Аж ахуйн нэгжүүд мөнгө төлөөд ирэхээрээ утааг аль болох бага гаргахыг хичээнэ. Учир нь тэдний гаргаж буй утааны хэмжээг улсаас өдөр болгон хэмжих боломжтой. Мөн хуучин автомашины хэрэглээг багасгах нь утааг багасгана.
Бас нэг чухал санал гэвэл, 5-р цахилгаан станцыг яаралтай барих асуудал, түүнийгээ дагаад орон сууцжуулалтаа энэ станцтай ойрхон барьж чадвал дулааны тээвэрлэлтийн зардал багасагана.
Түүнчлэн цахилгаан, дулаан хүрэхгүй байгаа гэр хорооллын айлуудад жижиг байгалийн хийгээр ажилладаг зуух тараах хэрэгтэй. (Мэдээж аюулгүй байдлыг нь сайн хангаж тараах гэх мэт).
-
Саяхан Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улаанбаатар хотын утааны асуудлыг гамшиг гэж хүлээн зөвшөөрсөн.Тэгвэл гамшгийн нөхцөлд төр иргэд рүүгээ чиглэсэн ямар арга хэмжээ авч ажиллах нь зохимжтой вэ.
-Тиймээ, Улаанбаатар хот үнэхээр гамшгийн хэмжээнд очсон гэдэг нь олон үзүүлэлтээр харагддаг. Тухайлбал, бид судалгааныхаа явцад утаанаас болж 6 цаг тутамд 1 хүн нас барж байгааг олж тогтоосон. Энэ бол үнэхээр түгшүүртэй үзүүлэлт. Нэмж хэлэхэд ихэнх хүмүүс хэтэрхий залуу насандаа 50, 60 хүрэлгүй нас барж байгаа үзэгдэл Монгол улсын хэмжээнд их байгаа. Энэ нас баралтын мэдээллийг бид Эрүүл Мэндийн Яамнаас авсан сүүлийн 10 жилийн нас баралтын шалтгааны судалгаанаас харсан. Тэр дундаа монгол эрэгтэйчүүдийн нас баралт дийлэнх хувийг эзлэж байсан л даа. Миний ойр дотны хүрээлэл дунд ч бас наснаасаа эрт хальсан хүмүүс олон бий.
Манай судалгааны багийнхан хэд хэдэн арга хэмжээнүүдийг Засгийн газарт санал болгож байгаа. Ойрын хугацаанд буюу 3, 5, 10 жилд авах арга хэмжээнүүд дотор агаарын бохирдол хэдэн хувиар буурахыг ч бас харуулсан. Түүний дотор Пр. Жаү Турнерийн санал надад бас их зүгээр санагдсан. Пр. Жаү 5 төрлийн алхам гэсэн санал оруулсан байсан тэрний нэг хэсэг нь одоогийн байгаа бодит мэдээлэл дээрээ тулгуурлан агаарын бохирдолд хяналт тавих алхам боловсруулах. Агаарын чанарын талаархи мэдээллийг ард иргэдэд нээлттэй байлгах ард иргэдийн итгэл найдврыг хүлээх алхамууд гээд олон арга замыг заасан.
Энэ жилийн өвөл, 2016 оны 10-12 саруудыг сүүлийн 2 жилийнхтэй харьцуулахад харьцангуй хүйтэн, агаар дахь бохирдлын концентрацын хэмжээ харьцангуй их гарсныг Пр. Жаү графикаар харуулсан. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр зарим жил цаг агаар болон салхинаас хамаарч хотын агаарын бохирдол өөр өөр байх жишээтэй. Энэ жил бол агаарын бохирдол харьцангуй их байгаа юм. Тэгэхээр цаг агаарынхаа прогнозыг харж байгаад аж ахуйн нэгжүүдийг, айл өрхүүдийг цахилгаанаар дулаанаа хангахыг тухайн өдөр, хоногуудад хотын захиргаанаас шаардаж болно. Мөн тэдгээр өдрүүдэд цахилгааны үнийн тарифаа хөнгөлөх эсвэл үнэгүй болгох гэх мэт арга хэмжээг авбал иргэд шаардлагыг дуртай биелүүлэх байх. Жишээлбэл, Сан Франциско хотод цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдийг гал түлэхийг хориглосон байдаг. Гал түлсэн тохиолдолд торгууль төлдөг. Нийтийн тээврийн хэрэгслээр ажилдаа ирэх болон хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт нэг машинаар ажилдаа явахыг байнга уриалж байдаг. Цаг агаарын байдлаас хамааран гал түлж болох эсэхийг шийддэг.Тухайлбал салхитай өдөр ч юм уу гал түлж болдог. Калифорниа мужид хүмүүс заримдаа мод түлж гэрээ дулаацуулж амардаг.
Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот болсон гэдэгтэй санал нэгдэж байгаа юу. Төвлөрлийг саармагжуулж Улаанбаатар хотыг нүүлгэх нь зөв үү.
-Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь Улаанбаатар хот руу гаднаас агаарыг бохирдуулагч бодис орж ирдэггүй бөгөөд хотын иргэд, аж ахуйн нэгжүүд үүнийг өөрсдөө бий болгож байгаа. Улаанбаатар хотын утаа цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад салхинд туугдаад хотоос гарчихдаг. Хэрэвзээ хотыг өөр байршилд нүүлгэлээ гэхэд одоогийнх шигээ байвал нүүж очсон шинэ хот маань дахиад л агаарын бохирдлын асуудалд орно.
-
Сургуулийн хүүхдүүдийг утаанаас хамгаалахын тулд ямар арга хэмжээ авч ажиллавал оновчтой вэ.
-Маск зүүх нь эн тэргүүний арга хэмжээ. Маш их утаатай саруудад сургууль, цэцэрлэгийг амраах нь оновчтой.
Хамгийн гол нь гэр хорооллын айлууд утаагүй халаалтын системд шилжихэд Улаанбаатар хотын агаарын бохирдол их хэмжээгээр багасна. Энэ системд шилжин ороход орчин үеийн технологи, тоног төхөөрөмж, санхүүгийн чадавхи болон цахилгаан ба хийн инженерийн дэд бүтцийг сайжруулан боловсруулах шаардлага гарна. Эцэст нь хэлэхэд, хэзээ нэгэн цагт Монгол Улс маань эрүүл ахуйн орчноо хамгийн муугаас хамгийн шилдэг болгож чадснаараа улс даяараа амжилт болгон бахархан тэмдэглэх өдөр ирэх байх гэдэгт итгэж явдаг шүү.
Ярилцсан сэтгүүлч Р.Улам-Оргих
Сэтгэгдэл бичигдээгүй байна