Японы “ЖАЙКА” байгууллагаас манай улсын хөрөнгө оруулалтын орчин ба түүнийг идэвхжүүлэх судалгааг хийжээ. 2015 оны сүүлийн сараас эхлэн жил гаруй хугацаанд судалсан байна. Наран улстай худалдаа хамтын ажиллагаа өрнүүлэхэд багагүй бэрхшээл байгааг судалгаанд оролцогчид онцолжээ. Тухайлбал улс төрийн тогтворгүй байдал, хуулийг ойр ойрхон өөрчилдөг, хуулийн засаглал хөгжөөгүй, Хувийн хэвшил нь төлөвшөөгүй, монголоос түнш олоход бэрхшээлтэй, түншийн талаар найдвартай санхүүгийн олж авахад хүндрэлтэй, лиценз, зөвшөөрлийн тоо төрөл их зэргийг дурдсан байна. Задалж харвал авахад 45.3 хувь нь манай орны улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал бизнес эрхлэхэд саад болдог гэж хариулсан байна. Харин 20 хувь нь хөрөнгө оруулалтын орчин болон тогтолцооны мэдээлэл хангалтгүй гэж үзжээ.
Энэ бол гадаадын хөрөнгө оруулагчид манай улсад хэрхэн эргэлзэж буйг илтгэх гол үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулагчид манай улсыг “Харьцангуй шинэ зах зээл учир өрсөлдөөн багатай, бизнесийн боломж ихтэй” хэмээн үзсэн хэвээр байна. Энэ нь манай улсад хөрөнгө оруулахад бэлэн гэсэн үг юм. Харин тэдэнд саад болдог гол зүйл нь Засгийн газрын насжилт богино, үүнийгээ дагаад бодлого нь байнга өөрчлөгддөг байдал гэдгийг хөрөнгө оруулагчид, шинжээчид дуу нэгтэйгээр онцолж байна.
Хамгийн ойрын жишээ гэхэд өмнөх Засгийн газрын бүтэцэд Хөрөнгө оруулалтын газар гэж байсан бол шинэ Засгийн газар үүнийг татан буулгаж, Үндэсний хөгжлийн газар гэх цоо шинэ агентлагийг байгуулж амжлаа. Тус газрын дарга Б.Баярсайхан “Хуучин Хөрөнгө оруулалтын газрын чиг үүргийг Үндэсний хөгжлийн газарт шилжүүлсэн байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэд бүтэц, уул уурхай, эрчим хүм, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын болон бусад бүх салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ гэж тусгасан” гэж ярьсан байв. Мөн Эдийн засгийн яамыг шинээр байгуулж, дөрвөн жил үйл ажиллагаа явуулсны дараа өөр яамтай нэгтгэх шийдвэрийг гаргав. Монгол Улсын Засгийн газрын дундаж наслалт ердөө 1.6 жил... Цөөн үгээр хэлбэл гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байсан төсөл хөтөлбөрүүд хариуцаж байсан яамтайгаа хамт алга болдог нь манай улсын хувьд хэвийн үзэгдэл юм. Энэ бүхний эсрэг талд хөрөнгө оруулагчдын итгэл улам бүр алдарч байна. Ийм л учраас хөрөнгө оруулагчид, бизнесменүүд Засгийн газраас юу хүсэх вэ гэсэн асуултад олон жилийн турш “Тогтвортой бодлого” гэсэн хариултыг өгч байна. Тухайлбал 2015 онд манай улс “Итгэлцэл” сэдвийн дор Монголын эдийн засгийн чуулганыг хийж байв. Тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг “Бидэнд итгэ” гэж нээлтийн үеэр уриалж, салбарын сайдууд итгэлийг сэргээхгүй бол эдийн засаг хэцүүдэх тухай ч ам уралдуулан ярьж байв. Гэтэл бодит одоо ч яг хэвээрээ... Хэн нь ч хэнийгээ буруутгах аргагүй. Засгийн эрх барьдаг улстөрийн гол хүчнүүд “сансрын” найранд бүгдээрээ оролцсон.
2009-2012 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт тав дахин нэмэгдсэн. Хэтрүүлж хэлбэл монголын эдийн засагт мандаж явсан үе бас бий. Гэтэл энэ оргил үедээ гэнэт бий болсон баялгаараа “найр” хийгээд шавхчихсан. Үүний зэрэгцээ бас нэг Засгийн газар эх оронч шийдвэр гаргаж, уул уурхайн хөгжлийн амин судас болсон хайгуулыг хориглож, гадаадын хөрөнгө оруулалтыг хориглож, гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ зогсоож байв. Даяаршин ижилсэж буй өнөөгийн ертөнцөд бид гаж үйлдэл, ойлгомжгүй тогтолцоогоороо алдаршиж ганцаардал руу явж байна. Хамгийн наад зах нь ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Сато Мүцүми “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын тухай зэрэг гол гол хуулиудыг Англи хэл рүү орчуулан, албан ёсны эх сурвалж хөрөнгө оруулагчдад танилцуулвал үр дүнтэй” гэж хэлж байна.
Эдийн засагч Д.Жаргалсайхан “Манай компаниуд групп, холдинг зэргээр компаниа өргөмжлөх нь их. Гэтэл Японд 200-300 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан, томоохон ААН л дээрх хүндэтгэлтэй тодотголыг ашигладаг байна. Харин манай улсад групп, холдинг гэж албан ёсоор компанийн нэрлэх бол ямар шалгуурууд хангах нь тодорхойгүй. Энэ мэт бизнесийн соёлын ялгаа хамтын ажиллагаа итгэлцэлд нөлөөлдөг” гэж ярив. Тэгвэл Япон улсын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулахдаа компанийнхээ салбар, төлөөлөгчийн газрыг байгуулахаас илүүтэй, монгол түнштэй болохыг эрмэлздэг гэж судалгааны багийн ахлах Адэгава Сан хэлэв. Гэвч түүний хэлж буйгаар манай улсаас найдвартай түнш олох нь амаргүй гэнэ.
Монгол улсын хөрөнгө оруулалтын байдал
Манай улсад нийт 112 улс хөрөнгө оруулсан байдаг. Нийт хөрөнгийн 50 хувийг БНХАУ, Нидерланд эзэлдэг. Гэвч Нидерланд, Люксенбург, Виржиний аралд бүртгэлтэй ААН-үүд татвараас чөлөөлөх зорилготой гэж олон улсад үздэг тул бодит хөрөнгө оруулалтын дийлэнхийг БНХАУ-аас хийжээ. Улаанбаатар харьцангуй таатай татварын орчинтой хот. Нэр дурдсан татварын хувь манай нийслэлд 10-25 байна. Харин бусад хотуудад дунджаар 10-45 хувь. Тэгэхээр Улаанбаатар харьцангуй таатай татварын орчинтой хот гэдэг нь тодорхой харагдаж байна. 2011 онд 4.9 тэрбум ам.долларт хүрсэн хөрөнгө оруулалт өнгөрсөн оны сүүлээр хасах үзүүлэлттэй болж огцом буурлаа. Үүнд чухам ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 50 орим хувь нь “Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал” гэж хариулсан байна. Дэлхийн банкнаас жил бүр “Бизнес эрхлэлт”-ийн жагсаалтыг шинэчлэн гаргадаг. Хөрөнгө оруулагчдын ихээхэн ач холбогдол өгдөг тус жагсаалтад манай орон 190 улсаас 64 дүгээр байрт оржээ. Өнгөрсөн онд Монгол Улс тус жагсаалтын 66-т бичигдэж байжээ. Тэгвэл тун саяхан Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой гадаад иргэдийн итгэлийг сэргээх тал дээр ажиллана. Энэ чиглэлээр зохион байгуулсан ажлын үр дүнг, УИХ болон Засгийн газарт тайлагнах болно” гэж мэдэгдэв. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөлтэй өнгөрсөн оны сүүлээр уулзах үеэрээ “Монгол Улс бол бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн, хөрөнгө оруулалтад тааламжтай улс орон гэдгийгээ бид дахин нотлох болно" гэж мэдэгдээд байгаа.
Үнэндээ алдсан итгэлийг сэргээх, хүний итгэлийг дахин олох амаргүй. Гэвч шинэ Засгийн газар өмнөх алдаагаа засч бизнесийн орчинг сайжруулах чиглэлээр ийнхүү шат дараатай арга хэмжээ авч байгаа нь үр дүнгээ өгнө гэсэн найдварыг төрүүлж байна. Гэвч хууль эрх зүйн орчинд ойлгомжгүй, тодорхойгүй байдал хадгалагдсан хэвээр... Улс төрийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ Засгийн газрыг энэ үед хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого тогтвортой байхаас их зүйл шалтгаалах болоод байна.
Д.Булган
Сэтгэгдэл бичигдээгүй байна