Үйлдлээрээ үлгэрлэсэнд баярлалаа

2017/06/05
Монголчууд залхуу, ажил хийх дургүй, бүр арчаагүй, уусан ундааны шил, татсан тамхины иш гээд хэрэглээд дууссан хогоо хаа хамаагүй хаячихдаг гээд л хэн дуртай нь хэл амаа билүүддэг. “Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргино” гэгчээр олны дунд сайнтай, муутай л байх.

Гэхдээ жилийн дөрвөн улирлын турш, зарим улиралд нь хэд хэдэн удаа нүүж буудаг монголчууд гэрийн бууриа цэмцийтэл нь цэвэрлээд орхидог уламжлалтай. Эргээд буухад нь байгалийн унаган төрх сэргэн газар дэлхий өнгөө засч, өвс ногоо нь халиуран угтдаг гэдгийг хэнээр ч заалгахгүй мэддэг учраас тэр.  Харин хотжилт, хүн амын даац хэтэрсэн төвлөрөл багагүй асуудлыг араасаа дагуулж байна.

Үүний нэг нь Азийн цагаан дагина хэмээн дуу шүлгэнд мөнхөрсөн улсын нийслэл Улаанбаатар хот хогондоо дарагдаж, хир хураа цэвэрлэж чадахаа байсан хэвтрийн хүн шиг болсон явдал юм. Зөвхөн нийслэл төдийгүй зарим аймаг, сумын төв, тэр байтугай аялал зугаалгын бүс болсон хангайн бүсэд энэ асуудал нэлээд түгээмэл. Мэдээж, төвөөсөө алсрах тусам хур хог тулгамдсан асуудал болохгүй. Тэгвэл үүнээс гарах гарц нь хүн бүр хариуцлагатай хандаж, иргэн бүр хошуу биш хуруу нэмдэг оролцоотой байх нь чухал юм.

Өөрөөр хэлбэл, иргэн та дарга сайд, захирал, манаач, эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан өөрийнхөө тарьсан хогийг өөрөө цэвэрлэж, үр хойчдоо үлгэрлэдэг байх хэрэгтэй. Хүүхэд улиг болсон онол сургаалаар биш хөөрхөн нүдэн дээр нь үлгэрлэж буй таны үйл хөдлөлөөр л хүмүүждэг. Үүнийг саяхан болж өнгөрсөн Эх үрсийн баяр харууллаа.

Өмнөх жилүүдэд баяр ёслолын арга хэмжээ дуусангуут Их жанжин Д.Сүхбаатарын талбай хог новшиндоо дарагдан навсайж хоцордог байсан бол энэ жил харин цэгцтэй, цэмцгэр байв. Сайн дурын залуус, хот тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний хүмүүсийн хөдөлмөр зүтгэл үүнд хамгийн их. Дээрээс нь нэмээд зургадугаар сарын 1-нд “Нэг амттан-нэг хог” аяныг дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.

Ухамсар нь төлөвшиж, сэтгэхүй нь гүйцэд хөгжөөгүй бяцхан иргэд маань чихрийн цаас, ундааны саваа хогийн саванд аваачиж хийвэл чихэр өгөх юм байна гэдгийг анзаарч байгаа бол ирээдүйд хог хаягдлаа хамаагүй хаявал байгаль дэлхий, хүрээлэн буй орчин бохирдож, улмаар миний эрүүл мэнд муудах юм байна гэдгийг түвэггүй ойлгох учраас хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон энэ аргыг сэтгэсэн сайн дурын залуустаа баярлалаа гэж хэлье. Мөн нэг, хоёрхон хүүхэд мундаг сайн байснаараа биш бүхэл бүтэн нэг үе цэвэрч цэмцгэр болвол энэ улсын ирээдүйд хэрэгтэй.

Үгүй ядаж л “Хогоо хогийн саванд хийгээч” хэмээн аав ээжийгээ ичээдэг нэг үеийнхэн бий болно. Тиймээс энэ аянаа улсын баяр наадмаар ч гэсэн үргэлжлүүлбэл ямар вэ. Мөн ээж аав гэдэг эрхэм алдартай хэн бүхэн зуны дэлгэр цагт гэр бүл, хамт олноороо хөдөө хээр аялж зугаалахдаа бууж суусан газар нутгаа цэмцийтэл цэвэрлэж, уусан ус ундааны сав, илүү дутуу хог хаягдлаа авч яваад хогийн цэг дээр аваачиж, заавал битүү саванд хийж орхиорой.

Ингэхгүй бол ил задгай чиглүүлж хаясан хог хаягдал салхиар хийсэн хавь ойроор хөглөрч, нохой шувуу ухаж төнхөөд байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь “За, энд хэн хардаг юм бэ” хэмээн голын эрэг, уулын мухарт хаясан хогийг хэн ч олж очиж цэвэрлэхгүй. Харин төвлөрсөн хогийн цэг дээрх хогийг бас ч гэж ирээд ачаад явж байгаа. Шашны сургаал номлол нь нийгмээрээ дагаж мөрдөх чиг баримжаа болж байсан харанхуй бурангуй үе шиг “Лус савдаг хилэгнэнэ” гэж айлгалтай биш.

Шинжлэх ухааны хөгжил, техник технологийн дэвшлийг өдөр тутмын ахуй амьдралдаа ашиглаж, үр өгөөжийг нь хүртэж буй соёлт хүн төрөлхтөн эргээд дэлхий ээжийгээ хайрлах учиртай. Хуванцар сав, хөнгөнцагаан лааз, шил, гялгар уут, зажлаад хаясан бохь зэрэг нь хөрсөнд задарч шингэхдээ хэдэн зуун жилийг зарцуулдаг, ингэхдээ химийн хортой урвал явагдаж хөрс, ус, агаар бохирдуулдаг  гэдгийг хэн ч мэднэ. Харин хэн яаж зохион байгуулж, хянах вэ. Сошиалаар уриалаад, бас ч гэж ажил хэрэг болговол сайн зүйлийг монголчууд дагаж чаддаг гэдгийг өнгөрсөн зургадугаар сарын 1-нд харуулсан биш үү.

Түүнээс биш гялгар уут газрын хөрсөнд шингэж алга болтлоо 100 гаруй жил гээд тоть шиг давтаад явах нь хэнд хэрэгтэй юм бэ.  Монголчууд фэйсбүүк, твиттерийг өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж, зарим нь сошиал ертөнцийн бай болохоос айдаг болжээ. Хамгийн гол нь үүнийг хэн нэгний нэр алдрыг гутаан доромжлоход бус нийгэмд тустай зөв зүйлд чиглүүлж, үр ашгийг нь хүртэх боломж ч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна