Өнөөдрөөс дараах татварууд нэмэгдэнэ

2018/01/02
Өнөөдрөөс эхлэн дараах төрлийн албан татвар нэмэгдэж байна.

1. Архи, тамхины онцгой албан татвар

Тус төрлийн албан татвар  2018 оноос 10 хувиар, 2019 оноос таван хувиар, 2020 оноос эхлэн таван хувиар тус тус нэмэгдэх юм.

2. Хувь хүний орлогийн албан татварын нэмэгдэл

 Хувь хүний орлогын албан татварын шатлалыг цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 10-25 хувиар дөрвөн шатлал бүхий татвар ногдуулна.

Ингэснээр өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, сарын дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувиар татвар ногдож байна.

Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа бөгөөд нийт татвар төлөгчдийн 92 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх найман гаруй хувь нь татварын шатлалд хамрагдаж 10 хувиас их татвар төлөхөөр байгааг Сангийн сайд мэдээлсэн.Тус татвараас төсвийн орлого 2018 онд 51.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм байна.

3. Нийгмийн даатгалын шимтгэл

Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2017 онд тус бүр 7 хувь, 2018 онд тус бүр 8 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 онд тус бүр 9.5 хувьтай байхаар хуульчилсан.

Харин сайн дурын даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиас, 2018 онд 11 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 онд 12.5 хувиас багагүй байхаар өөрчлөлт оруулсан.

4. Лиценз борлуулбал зарсан хувьтай тэнцэхүйц татвар ногдуулна

Уул уурхайн 3000 гаруй лиценз байна гэсэн тооцоог салбарын яам гаргаад байна. Эдгээр лицензийг зарж, борлуулсан тохиолдолд 30 хувийн татвар төлөх хууль өнөөдрөөс хэрэгжиж буй юм.

2018 оны төсвийн тухай хуулийг дагаж томоохон хууль эрх зүйн зохицуулалт орсон. Тухайлбал, уул уурхайн ашигт малтмалын лиценз болон газрын наймаатай холбоотой гүйлгээнд Монгол Улс 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн татвар авахаар болсон. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн лиценз, газар наймаалцсан бол 30 хувийн татвар төлнө. 

Энэ зохицуулалтын хүрээнд 2018 оны төсөвт 36 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ялангуяа ашигт малтмалын лиценз шилжүүлэгт 30 хувийн татвар нэмэх бөгөөд зөвхөн том хувьцаа эзэмшигч лицензээ бусдад борлуулсан тохиолдолд энэхүү татвар хамаарах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна