Цоодолын Хулантай "болзох" цаг

2018/03/05

"Хулангийн үдэш 2018" яруу найргийн цэнгүүн болох сураг дуулснаас хойш  нэг тийм гоё хүлээлт, догдлолтой өдрүүд өнгөрч байна. "Болзоо"-нд яваагүй удсан болоод ч тэр үү, гуравдугаар сарын 6 гэдэг яруу найргийн болзоот өдрийг яасан их хүлээнэ вэ. Хэнтэй болзоонд явах вэ гэдэг сонголт хэзээд чухал байдаг даа. Тэр тусмаа яруу найрагч Цоодолын Хулантай "болзох" шиг романтик хэрнээ амьдралтай, уянгалаг атлаа ухааралтай үдэш амьдралд тэр бүр тохиогоод байхгүйг урьд урьдын "Хулангийн үдэш"-үүдээс хангалттай мэдэрсэн учраас сэтгэл ийн дэгэлзээд байгаа хэрэг. Хулан бол байдаг л нэг яруу найрагч биш гэдэгт хамаг учир байгаа юм. 

 “Зүлгэн дээр гэрээ бариад 

Зүгээр л нэг амьдрахсан” хэмээх мөрүүд тэрлэснийх нь төлөө 2011 онд япончууд түүнийг “Зууны шилдэг 100 яруу найрагч”-ийн нэгээр өргөмжилж байлаа. Дорнын улс үндэстнүүд дотроос утга зохиол, соёлын арвин баялаг түүхтэй гэдгээрээ алдартай энэ ард түмэн Пабло Неруда, В.В.Майковский, И.А.Бородский зэрэг суутнуудтай хамт Цоодолын Хулан хэмээх нэрийг дээрх антологид зүгээр ч нэг оруулаагүй нь лавтай. Яруу найрагч хүний хувьд Монголынхоо ард түмэнд бичиж үлдээх цөөн хэдэн мөрүүдийнх нь нэг бол энэ гэдэг ч гарцаагүй биз.

Түүнийг хүмүүс хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ бас мэддэггүй. Учир нь тэр урьдчилан тааварлахын аргагүй бүсгүй. “Амьдрал бол яруу найраг биш” гэдэг үгийг Хулан өөрийнхөө амьдралаар үлгэрлэн үгүйсгэж яваа гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Тийм амьдрал ямар байдгийг, жаргал зовлон нь юундаа оршдогийг түүнээс өөр ил гаргаж ирэх зоригтон ховор гэж бодном. “Үнэнч байхын тулд ямар нэгэн пооз авах бус, харин зориг хэрэгтэй” гэж нэгэнтээ хэлсэн удаатай.

Хүссэн эмэгтэй болгонд цогцлоод байдаггүй дүр төрх, ааль намба, авьяас чадварыг бурхан түүнд хайрласан. Бас хэрийн эрэгтэй болгонд тэр бүр заяагаад байдаггүй эр зориг, эрэмгий чанар, өөрийн гэсэн үзэл баримтлал, түүнийхээ төлөө юуг ч бут ниргэж мэдэх аянгалаг шинж түүнд бий. Энгийн үед бол (өөрөөр хэлбэл, эр, эм хүйстнүүдийн зөвхөн аль нэгнийх нь тухай ярьж байгаа тохиолдолд) эдгээр нь магтаал шиг сонсогдож болно. Гэвч дээрх бүх шинж чанарыг нэгэн биедээ багтааж яваа “эрлийз” ч гэж хэлж болохоор Хулангийн тухайд бол энэ нь ихэвчлэн төсөөллийн гажилт болж хүмүүст харагддаг. “Харамсалтай нь” тэр хүмүүсийн юу гэж бодох, ярих, ямар үйлдэл хийх нь түүнд харин ч нэг хүртээлгүй. Тэгээд бодохоор стандарт бус гэдэг тодорхойлолт түүнд ч бас хамаатай мэт. Ямагт шударга байхыг эрмэлздэг түүнд таалагдахгүй зүйл олон гарна. Түүнийгээ ч тухай бүрт нь илэрхийлчихдэг “гэмтэй”. Энэ сарын 6-нд Соёлын төв өргөөнд болох "Хулангийн үдэш 2018" яруу найргийн цэнгүүн ч мөн энэ "уламжлал"-аас гажихгүй гэдэгт үл эргэлзнэм. Хулантай болзох хамгийн том шалтгаан энэ буюу. 

Гурван охинтой айлын дундах, дээрээс нь өвөө, эмээ дээрээ өссөн болоод ч тэр үү, Хулан эршүүд хэрнээ эрх танхил, бас омголон дураараа. Түүнийг аав нь “Миний хүү” хэмээн дууддаг байсан нь жирийн хэрэг биш бололтой. 

...Аавын шар хүүхэн аз жаргалтай яваасай 

Алаг зүрхнийхээ зоргоор шувуу мэт амьдраасай 

Тэнүүн говь, эрх чөлөөний одонд төрсөн

Тэр сайхан амьтны тэнгэр миний үрийг ивээгээсэй

Газар тамгалж, цагийн эрхи тоолох үр минь

Галын зах, саахалтын зайд бүү өтлөөсэй

Орчлонгийн зовлон жаргал, нөхөр дайснаа ялгахдаа ч

Олны үгээр бус өөрийнхөөрөө шилээсэй 

Нэг насаараа миний хүү хулан атаархам явтугай гэж

Нэрийг нь өгөхдөө ч аав нь хүсэж суусан юм хэмээн Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуай түүний нэг насны төрсөн өдрөөр шүлэглэж байж. Яруу найрагчийн зөнгөөр ч юм уу, аав нь охиноо ердөө нэг настай байхад л ийм шүлэг тэрлэж байсан нь Хулангийн хожмын амьдралыг зурсан мэт байгаа биз.  

Ямар ч цаг нөхцөлд Монголын яруу найргийн галыг манан үлдсэн цөөн бүсгүй найрагчийн сор нь болж яваа энэ бүсгүй залуу насандаа алдаж, онож явсан ч гагцхүү үзгээ тавиагүй нь чин үнэн. Жаргал, зовлонтой амьдралын ачааг тэнцүүлж дурлаж, дурлуулж, шатаж, бас шатааж, гуньж хөөрөх тоолондоо гагцхүү шүлэгтэйгээ нөхөрлөснөөр бүхнийг даван туулж чадсан болов уу гэж боддог юм. Ёстой л Хулангийн хурдан туурайгаар бүхнийг, бүр үхлийг хүртэл туучаад гарсан эрмэг бүсгүй билээ, тэр.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна