МУГЖ Т.Баясгалан: Над шиг 3000 шүлгээр бэлэг авсан азтай эмэгтэй тийм ч олон байдаггүй болов уу

2018/03/07
Японы мэргэжлийн сүмод Монгол бөхчүүдийн “Алтан хараацай” болж “Мэхний их дэлгүүр” хэмээгдэж явсан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан  Кёкүшюзан Д.Батбаяр 2018 оны хоёрдугаар сарын 2-ноос Гэгээн Валентины өдөр буюу хоёрдугаар сарын 14-нийг угтан өөрийн гэргий Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгаландаа зориулсан хайрын шүлгийн уралдааныг фэйсбүүк найзуудынхаа дунд зарласан билээ. Уралдааны дүнг хоёрдугаар сарын 14-ны өдөр тодруулах ёстой байсан авч фэйсбүүк хэрэглэгчдийн зүгээс уралдааны хугацааг сунгаж өгнө үү гэх хүсэлтийг олноор ирүүлсэн тул хүсэлт ёсоор хугацааг сунгаж ялагчдыг өнөөдөр Улаанбаатар зочид буудлын “Хөх асарт” зарлаж, шагналыг нь гардууллаа.

Энэхүү уралдаан нь богино хугацаанд өргөн цар хүрээг хамарч, 3000 орчим  оролцогч “Хайрын шүлэг”-ийн уралдаанд бүтээлээ ирүүлжээ.



Уралдааны шүүгчдээр Болор цомын эзэн, төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, Монгол Улсын СГЗ, улсын начин Г.Эрхэмбаяр  нар ажилласан бөгөөд шүүгчдийн зүгээс "Нийгэм, сошиал орчинд хар бараан мэдээлэл, сөрөг сэтгэгдлүүд ихээр хөврөх болсон энэ цаг үед ийм гэгээлэг, хүний сэтгэлийн утсыг хөндсөн үйл явдал тохиож байгаад баяртай байна. Тиймээс ч энэхүү уралдааны шүүгчдээр ажиллах болсон" гэдгийг онцолсон байдаг. Уралдааныг санаачлагч, аваан тэтгэгч Монгол Улсын гавьяат тамирчин Д.Кёкүшюзан Батбаярын зүгээс уралдаанд чин сэтгэлээ гарган оролцсон 3000 орчим шүлгийн эзэд, мөн ивээлийн бэлгэдлийг бодолцож 3 шилдэг оролцогч дээр нэмж 6 оролцогчид шагнал гардуулах болсноор 9 шилдэг оролцогч Японд аялж, сүмо бөхийг дэргэдээс нь сонирхох болон “IPhone X” гар утас, “Samsung Galaxy G7” гар утас, тусгай 6 байрт “Моnel 32” инчийн өнгөт зурагтыг шагнал болгон гардуулсан юм. Ингээд “Хайрын шүлэг”-ийн уралдааны ялагчдыг тодруулах үеэр энэ уралдааныг зохион байгуулагч болон шүүгчид, энэ уралдааныг өөрт нь зориулсан эзэдтэй хийсэн ярилцлагыг эрхэм уншигч танд хүргэж байна. 3000 орчим шүлэг ирсэн энэ уралдааны тэргүүн байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул “Гэргийн гэгээ” шүлгээрээ орсон бол хоёрдугаар байрт Л.Түмэнжаргал “Бурханы цэцэг” шүлгээр, гуравдугаар байрт Бадам “Хайрт хань Мөнхбатдаа” шүлгээр эхний гурван байрыг эзэлсэн юм.


 
Д.Кёкүшюзан Батбаяр: Үнэндээ ийм олон хүн оролцоно гэж тооцоолоогүй

-Таны хувьд Монголын эрчүүдээс бараг л анх удаа эхнэртээ зориулан “Хайрын шүлэг”-ийн уралдаан зохион байгууллаа. Ийм уралдаан зохион байгуулъя гэсэн санаа анх хаанаас, яаж төрсөн талаар сонирхуулахгүй юу?

-За баярлалаа. Анх гэр бүлээрээ Окиновад амарч ирчихээд кофе уух зууртаа фейсбүүк дээрээ жижигхэн коммент бичсэн юм. Түүндээ “Окинова аралд сайхан амарлаа, далай сайхан  тогтуухан байсан ч Монгол эх орныг минь яаж гүйцэх вэ дээ” гэсэн хэдхэн мөрт шүлэг бичиж оруулсан юм. Гэтэл түүний дараахан олон хүмүүсээс магтаал, бас их олон шүүмжлэл ирсэн. Тэдгээр шүүмжлэлийг хараад  баярлаж “Та бүхэн энэ шүлгийг минь засаад өгөөч” гэсэн хүсэлт явуулсан юм. Тэгээд “Сайхан засаад өгвөл Гэгээн хайрын өдрөөр хайртай эхнэр Баясаадаа бэлэглэх гэсэн юм” гэдгээ ч бичсэн. Тэгэхдээ “Түрүүлсэн хүнийг Японд сүмо үзэх эрхийн бичгээр шагнана” гэчихсэн чинь Валентины өдрөөр шагнал гардуулах аргагүй, шүүж ч амжих боломжгүй 3000 орчим шүлэг хүрээд ирсэн. Тэгээд сүүлдээ гайхаад “Ийм олон хүн сэтгэлээ гаргаж, олон хоног бодож, ухаанаа уралдуулсан байхад би ингэж хэнэггүй хандаж болохгүй” гэж бодоод мэргэжлийн яруу найрагч, дуучдад хандаж “Та бүхэн энд ирсэн шүлгийг уншиж танилцаад, үүнийг “Хайрын шүлэг”-ийн уралдаан болгоод шүүж өгөөч ээ” гэдэг хүсэлтээ албан ёсоор тавьснаар өнөөдрийн энэ үйл ажиллагаа болж байна. Хөдөө орон нутгаас их олон шүлэг ирсэн. Манай Монголчууд ямар их сайхан гэгээлэг, яруу найргийн торгон мэдрэмжтэй хүмүүс гэдэг нь миний энэ зохион байгуулсан “Хайрын шүлэг”-ийн уралдаанаас дахин тодорхой харагдлаа. Миний хувьд энд шүлгээ ирүүлсэн бүх хүмүүст маш их баярлаж, дахин дахин талархлаа илэрхийлж байна. Ямар ч гэсэн Монголынхоо сайхан эмэгтэйчүүд, бүсгүйчүүдээ өөрийн  хайртай эхнэр Баясгалангаар төлөөлүүлэн ийм сайхан уралдаан зохион байгуулсандаа  үнэхээр сэтгэл хангалуун байна. Манай нөхөд маань ч Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан уралдаанд ирсэн бүтээлүүдээс түүвэрлэн 800 гаруй шүлэгтэй ийм сайхан “Ханьдаа” нэртэй ном болгоод хэвлэчихсэн байна. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд манай Монгол эрчүүд тэр дундаа бөхчүүдийг жаахан хэнэггүй, хээгүй эхнэртээ сайхан үгийг хэлж чаддаггүй дөлөөд явдаг гэж ярьдаг. Одоо бүгдээрээ тэр ойлголтыг таягдан хаяж нэг насны хань, үргэлж чиний дэргэд тормолзож байдаг хайртай хань, гэргий нартаа “Би чамдаа хязгааргүй хайртай шүү” гэдэг эрхэм сайхан үгийг байнга хэлж байя гэж уриалж байгаа юм. Дээр нь манай залуучууд ихэвчлэн нэг юмуу, гурван Сарнай аваад боогоод өгч харагддаг. Харин одоо Сарнай цэцгийг жаахан хойш нь тавиад зоригтойхон хайраа илчилж, Монгол хүний сайхан сэтгэлийн үгээ шүлэглээд хэлчихдэг болоосой гэсэндээ өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулжээ гэж ойлгож болно. Нэг ёсондоо би Монголынхоо сайхан залуучуудыг хайр сэтгэлийнх нь талд арай өөрөөр уриалан дуудаж байгаа юм.

-Энэ олон шүлгээс сайхан сайхан дуу төрөн гарах байх даа?

Тэгэлгүй яах вэ. Сайхан дуунууд төрөн гарна гэдэгт итгэлтэй байгаа. Манай хөгжмийн зохиолчид, ая зохиогчид шилээд шилээд дуу зохиох байхаа. Манай уралдааны шүүгчид дотор ч МУСГЗ дуучин С.Эрхэмбаяр ах байна. Тэгэхээр энэ талд бүрэн итгэлтэй байгаа.

-Манай залуучууд хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ 1000 Сарнай бэлэглэдэг нэг уламжлал байдаг. Харин та өнөөдөр хайртай эхнэртээ 800 гаруй өөрт нь зориулсан шүлэгтэй “Хайрын шүлэг”-ийн ном барьж байна. Ер нь хойшид энэ уралдааныг тогтмолжуулах талаар бодсон зүйл бий юу?

-Энэ уралдаан бол үнэхээр санаандгүй л зохион байгуулагдчихсан зүйл л дээ. Нээрээ бодоход 1000 Сарнай биш, 1000 шүлгээр бэлэг барина гэдэг миний хувьд үнэхээр аз завшаантай үйл явдал болж байна. Санаандгүй байтал фейсбүүкийн найзууд, энэ цахим ертөнц гэдэг үнэхээр хүчтэй байдаг юм байна. Монголчууд эвлэлдэн нэгдвэл юуг ч хийж, бүтээж чадахын бас нэгэн сайхан жишээ боллоо. Энд би залуучуудаа дахиад л уриалж байна. Сайхан хайртай учирвал түүнийгээ улам бадрааж, усалж тордсоор үр жимсийг нь олон болгож сайхан ургуулаарай.

-Та чинь нээрээ Эмэгтэйчүүдийн баяраар мэндэлсэн байхаа. Жил бүр төрсөн өдрөө тэмдэглэж, хажуугаар нь эхнэрээ, ээжийгээ баярлуулдаг байх даа?    

-За тийм л юм даа. Би жил болгон Цагаан сараар хамгийн ахмад бөхчүүдэд гэр бэлэглэдэг шигээ маргаашийн Эмэгтэйчүүдийн баяраар дүүрэг бүрийн хамгийн өндөр настай ээжүүдтэй баярын зоог бариад, гарын бэлгээ гардуулахаар зэхсэн байгаа. Ханьдаа зориулсан “Хайрын шүлэг”-ийн энэ номоо маргааш хайртай эхнэр Баясаадаа гардуулна.

-За танд ийм сайхан уралдаан зохион байгуулсанд нийт эрчүүдийнхээ өмнөөс дахин баяр хүргэе?

-Их баярлалаа. Би үнэндээ ийм олон хүн оролцоно гэж бодоогүй. Эрчүүд минь хайртай эхнэр, хайртай бүсгүйдээ хайрын сайхан үгийг олон хэлж байгаарай.


 
Л.Ганзул: Монголчууд бол яруу найрагч ард түмэн

-“Хайрын шүлэг”-ийн уралдаанд “Гэргийн гэгээ” шүлгээрээ түрүүллээ. Сэтгэгдэлээсээ хуваалцана уу?

-Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын урьд өдөр ийм сайхан уралдаанд түрүүлсэндээ их баяртай байна. Тухайн үед энэ уралдааны тухай Кёкүшюзан Д.Батбаярын пейж хуудаснаас анх харсан. Тэгээд юм бодоогүй явж байтал манай эхнэр “Чи энэ сайхан уралдаанд оролцоож. Миний хань нэг сайхан дууны шүлэг бичээч” гэсэн юм. Тэгээд л дотроо жаахан бодож явсаар ганцхан өдөрт л шүлгээ биччихссэн. Уг нь би хэдэн дуутай л даа. Тэгснээ “Ер нь оролдоод үзье. Бас нэг сайхан дуутай ч болчих юм билүү” гээд энэ наадамд шүлгээ сойсон юм. 3000орчим шүлгээс түрүүлсэндээ, миний шүлгийг ингэж түрүүлгэсэнд би үнэхээр их баяртай байна. Өнөөдөр хүн болгон зүрх сэтгэлээ шүлгээр илэрхийлэх гэж оролдож байгаа нь хүний оюун санаа, ялангуяа Монголчуудын маань оюун санаа ихэд тунгалаг байгаагийн их сайхан нотолгоо юм. Үнэхээр сайхан гэгээлэг наадам боллоо. Хайрынхаа тухай, хайртай хүмүүсээ баярлуулахын төлөө зүрх сэтгэлээ нээсэн бүх хүмүүст баяр хүргэе. Энэ хоёр сайхан хүний хайр сэтгэл Монголчуудыг ингэж сайхан эвлэлдэн нэгдүүлж, яруу найргийн утга уянгаар цэнгүүлсэнд яруу найрагчийн хувьд үнэхээр сэтгэлийн жаргал мэдэрч байна. Шүлэг бичсэн бүх хүнд баяр хүргэе, бас баярлалаа. Яагаад гэвэл би яруу найраггүгээр амьдралаа төсөөлдөггүй. Их багаасаа шүлэг бичсэн ийм л нэг яруу найрагч юм. Миний бичсэн хайрын тухай нэлээн хэдэн дуу бий. Хүний сэтгэлийг жаахан ч гэсэн хөглөж, жаахан ч гэсэн гэрэлтүүлчих юмсан гэсэн сэтгэлийг минь урмаар хөглөж, утга уянга эгшиглүүлсэн үнэхээр сайхан наадам боллоо.

-Сая шүүгч Р.Эмүжин “Ганзулын шүлэг ямар засвар орохгүйгээр их сайхан дуу болох, их цэгцтэй шүлэг байсан” гэлээ. Өөрөө энэ шүлгээ хэд хоног бодож, яг хэзээ бичсэн бэ?

-Ерөөсөө л урсаад ороод ирсэн. Уралдааны тухай анх л сонссон өдрөө биччихсэн. Тэр нь өнгөрсөн хоёрдугаар сарын 2 юм байна.

-Гадаад паспортгүй хүн гадны оронд яаж аялах гэж байна?

-Хэ хэ. Нээрээ яагаад гадаад паспорт өнөөдрийг хүртэл аваагүй явснаа ойлгохгүй байна. Сая гэнэтхэн асуугаад “Түрүүлсэн” гэж сонсоод яах аргагүй сандарч байгаа юм чинь. “Одоо яана аа өнөөх гадаад паспорт нь байхгүй шүү дээ” гэж гэнэтхэн бодогдоод явчихсан. Тэгээд санамсаргүй инээдтэй юм хэлчихсэн байсан.

-Гадаад паспортын хэлтэс дээр очоод “Би Кёкүшюзаны “Хайрын шүлэг”-ийн уралдаанд түрүүлж Япон явах эрхээр шагнуулсан. Бушуухан гадаад паспорт гаргаад өг” гэвэл яадаг юм бол?

-Хэ хэ болохгүй бол тэгээд хэлдэг л байх даа. Тэгээд гадаад паспорт чинь дор хаяж 10 хоногийн дараа гардаг гэлүү. За яах вэ тэгээд ийм сайхан уралдаанд түрүүлчихсэн юм чинь болох байлгүй дээ.  


Р.Эмүжин: Шүүлтэд ямар ч найраа, тохиролцоо байхгүй

-Урьд өмнө шүлгийн тэмцээн шүүж байсан уу. Яагаад гэвэл Монголчууд их багагүй дууч, шүлэгч ард түмэн гэгддэг болохоор мэдээж “Хайрын шүлэг”-ийн уралдаан шүүхэд ямар нэгэн хүндрэл гарсан уу?

-Маш олон хүнээс 3000 орчим шүлэг ирсэн л дээ. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл Монголын залуучууд, энэ цаг үед амьдарч байгаа хүмүүс бие биендээ “Хайртай” гэж хэлэхийг, хайрыг сонсохыг, хайраар амьсгалахыг, гэрэл гэгээ рүү тэмүүлж амьдрахыг ихэд хүсэмжилдэг болсны тодорхой нотолгоо боллоо. Мэдээжийн хэрэг МЗЭ-ийн гишүүн, мэргэжлийн яруу найрагч, зохиолчдын шүлгүүд байсан. Эгэл жирийн иргэдээс ирсэн маш олон шүлгүүд байсан. Гуравхан мөртэйгээс эхлээд гуч дөчин шад шүлэг ч байлаа. Эдгээр шүлгүүдийг уншаад сууж байхад шүлэг болгонд өөрийн гэсэн амь, амьсгаа байгаа нь мэдрэгдэж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Шүлэг болгонд өөрийн гэсэн хайр оршиж байсан. Мөр болгонд нь алмаз мэт, алт мэт тунаж харагдах тийм онцлог, тийм сэтгэлийн нандин үгс байсан. Энэ нь чухам юунаас үүдэлтэй вэ гэдгийг би яруу найрагчийнхаа хувьд бодож үзсэн. Эдгээр нь яг үнэндээ хайр юм, яг үнэндээ сэтгэл юм, дурлал юм. Тэгэхээр хүний хайраас гарсан үгс, хайранд нисэн очиж хүрнэ шүү дээ. Сэтгэлээс гарсан үгс бас нэгэн сэтгэлд очиж жигүүрээ амраана, зүрхнээс гарсан үгс зүрхэнд очиж үүрээ засна шүү дээ. Тэгээд ч Монголчууд зөн билгийн асар олон мянган жилийн түүхтэй, ардын аман зохиолын бүхэл бүтэн хэдэн зууныг гатлаад ирсэн арвин сан хөмрөгтэй ард түмэн. Тэгээд энэ Кёкүшюзан Д.Батбаярын хайрт гэргийдээ зориулан зохион байгуулсан “Хайрын шүлэг”-ийн уралдаан Монголчуудын аман билгийн, зөн билгийн сэрэл мэдрэмжийг сэрээж чадлаа гэж миний хувьд бодогдсон.

-МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул “Гэргийн гэгээ” шүлгээрээ энэ уралдаанд түрүүллээ. Ер нь мэргэжлийн зохиолч, яруу найрагч зүгээр жирийн иргэдийн шүлгийг шүүхэд хэцүү байв уу. Ямар нэгэн лобби, найраа ороогүй шүүгдсэн гэдэгт итгэж болох уу?

-Мэдээж уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүмүүсийн дунд МУСГЗ, мэргэжлийн зохиолч, яруу найрагчид нэлээн хэд байсан болохоор шүүлтийг шударга явуулахад ур чадвар, хэллэг, найруулгын байдлаас шалтгаалан маш шударга, чанд ажиллах шаардлага тулгарсан. Тэнд мэдээж их ялгаа байсан л даа. Гол нь уншигчийн түвшин, туурвигчийн түвшний гээд ялгаа их ажиглагдаж байсан. Мэргэжлийн болон мэргэжлийн бус бичигчид, олон жил шүлэг бичсэн болон энэ уралдааны мэдээллийг сонсоод л анх шүлэг бичиж байгаа хүмүүсийн хооронд мэдээж маш их ялгаа гарна шүү дээ. Сая жишээ нь нэг шагналт байранд орсон залуу “Би 30 жил шүлэг бичиж байна” гэхийг та бүхэн сонссон байх. Тэгэхээр энэ уралдааныг шүүгчээр ажилласан бид 4-ийн хувьд нэлээн ачаалалтай ажиллалаа. Энд сонирхуулж хэлэхэд ирсэн шүлгүүдийг уншиж байтал миний өөрийн “Намар болдоггүй чиний нутагт гуниг гэж үгүй Нарсны унгирал хэзээ ч хөглөхгүй” гэдэг хайрын шүлгийг тэр чигээр бичээд явуулчихсан тохиолдол ч гарч бид хэд хөгжилдөөд л өнгөрсөн. Тэгэхдээ энэ уралдаанд оролцъё, “Хайрын шүлэг” бичээд үзье гэдэг бол сэтгэл юм. Бие биендээ “Хайртай” гэдэг үгийг хэлж суръя гэдэг үүднээс энэ уралдааныг зохион байгуулсан гэдгээ ч Кёкүшюзан Д.Батбаяр хэлсэн нь өөрөө маш их гэгээлэг сайхан зүйл юм. Миний бодлоор энэ сайхан гэгээлэг уралдаан зорилгодоо тодорхой хэмжээгээр хүрсэн гэж бодож байна. Монголын залуучууд, нас харгалзахгүй энэ уралдаанд шүлгээ илгээсэн хүмүүсийг хайрын сайхнаар аялуулж чадсан гэж бодож байгаа. Гол асуулт маань мэргэжлийн яруу найрагчид жирийн иргэдийн шүлгийн ур чадвар, хэлэх гэсэн гол санаа, санаагаа илэрхийлсэн байдлыг шударгаар шүүхийн тулд бид 4 нэлээн цаг хугацааг өнгөрүүлж, их ч чармайж ажилласан.

Жишээлбэл түрүүлсэн Л.Ганзулын тухайд гэхэд л “Болор цом”-ын уралдаанд хэд хэдэн удаа шөвгөрч байсан, өнгөрсөн 2017 оны “Болор цом”-д шилдэг 16-д үлдсэн, түүний өмнөх жилд эхний 5-д шалгарч байсан сайн яруу найрагч. Хэдийгээр “Болор цом” тэврээд харьж үзээгүй ч “Болор цом”-тоны хэмжээнд бичдэг яруу найрагч гэдгийг шүлэг яруу найраг сонирхогчид андахгүй сайн мэднэ. Гэхдээ энд Л.Ганзулыг яруу найрагч гэдэг утгаар ерөөсөө шалгаруулаагүй юм шүү. Түүний “Гэргийн гэгээ” шүлэг маш нягт, хайрцаглаж чадсан, үнэхээр ямар ч засваргүйгээр сайн дуу болчихмоор шүлэг байсан. Гэр болсны утга учир, энэ ертөнцийн учиг зангилаатай нь нэгтгэж нийлүүлэн шүлэглэж чадсан тул үнэхээрийн ур чадвар сайтай шүлэг байсан. Тэгээд л түрүүлсэн. Дөнгөж сая шүүгчдийн дунд нэгэн инээдтэй гэмээр яриа өрнөөд өнгөрсөн. Юу гэвэл Л.Ганзул маань “Миний шүлэг яасан бол, хэдээр орсон юм бэ” гэсэн чинь Ц.Бавуудорж, Н.Гантулга хоёр маань эрхий хуруугаа гозойлгоод “Нэгдүгээр байр эзэлсэн, чи түрүүлсэн” гэж ойлгуулсан чинь өнөөх нь хариуд нь “Яанаа миний байрыг ухраагаад өг. Би гадаад паспортгүй юм чинь яаж Япон явах юм бэ” гэсэн байгаа юм. Эндээс харахад л энэ уралдааны шүүлтэд ямар нэгэн лобби, ар өврийн хаалга, танил талын нөлөөлөл ороогүй шүү гэдгийг хамгийн тодорхой нотолгоо юмаа. Тэгээд “Гадаад паспортгүй Ганзул маань Кёкүшюзан Д.Батбаярын “Хайрын шүлэг”-ийн уралдаанд түрүүлсэн болохоор удахгүй Япон явж мэргэжлийн сүмог дэргэдээс нь үзэх нь тодорхой боллоо. Гадаад паспортоо хурдхан гаргуулаарай Ганзул аа” гэж хэлье дээ.

-За их баярлалаа. Өөрийн тань амнаас Л.Ганзулынхаа тухай инээдтэй гэмээр зүйлийг сонсоход сайхан байна шүү?

-Харин тийм, энэ их ховор тохиол байх. Би ч гэсэн “Өдий хүртэл гадаад паспортгүй юу хийж явсан юм бэ” чи гээд хэлээд л авсан. Эцэст нь ийм сайхан гэгээлэг уралдаан зохион байгуулж, ивээн тэтгэсэн Кёкүшюзан Д.Батбаяртаа нийт оролцсон хүмүүсийн өмнөөс баярлаж талархсанаа дахин илэрхийлж байна.


МУГЖ Т.Баясгалан: Ханьдаа маш их баярлаж байна

-Сая МУСГЗ яруу найрагч Д.Дашдондов өөрт чинь зориулан өөрийн шүлгээр зохиогдсон “Уулзах л юмсан чамтайгаа” дуугаа дуулж сонирхууллаа. Харин энэ удаагийн уралдаанд ирсэн шүлгүүдээс сайхан дуу болох шүлэг ажиглагдана уу?

-Ханийн минь зохион байгуулсан энэ уралдаанд хүмүүс их идэвхтэй оролцож 3000 гаруй шүлэг ирүүлсэнд үнэхээр их баяртай байна. Харин миний хувьд өнөөдөр л эдгээр шүлэгтэй сайтар танилцаж, номоо харж байгаа болохоор одоогоор хэд нь дуу болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь бол хүмүүсийн яриаг сонсож байхад сайхан дуу болохоор сайн шүлэг олон байгаа юм билээ. Өөрийнхөө пейж хуудсаар дамжуулан сэтгэгдлээ илэрхийлж, санаа бодлоо ч дамжуулна. Өнөөдөр ямар ч байсан миний ханийн санаачилж, надад зориулсан уралдааны дүн гарч их сайхан өндөрлөж байна. Үнэхээр ханьдаа маш их баярлаж байна. Үүнээс илүү эрхэм сайхан бэлэг гэж юу байх вэ дээ. Монголчууд маань ямар сайхан яруу юм, ямар сайхан уянгатай юм. Ямар сайхан үгийн баялагтай, сайн сайханд уриалж чадвал ямар сайхан бүхнийг хийх чадвартай, ямар сайхан хүмүүс вэ гэдгийг дахин мэдэрч үнэхээр сэтгэл тэнийж байна. Миний хань чинь гэнэтхэн л сэтгэл сэргэж, дуу аялмаар гэнэтийн сайхан бэлэг барьдаг хүн. Магадгүй 2018 оны Эмэгтэйчүүдийн баяр бол 1000 Сарнайгаас илүү 1000 сайхан шүлгээр бэлэг бариулсан, чин сэтгэл шингэсэн хамгийн сайхан баяр болж байна. Үгийн сайхан шидтэй, амьтай баяр болж байна. Энэ сайхан завшаанаар Монголынхоо бүх сайхан бүсгүйчүүддээ олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж байна.

-Танд хамгийн гоё таалагдсан ямар шүлэг байсан бол?   

-Сайн санааны үзүүрт тос гэж ярьдаг. Надад эдгээр шүлгүүд бүгд л сайхан санагдаж байна. Над шиг 3000 шүлгээр бэлэг авсан азтай эмэгтэй тийм ч олон байдаггүй болов уу. Байр эзэлсэн шүлгүүд дунд хайртай нөхөртөө зориулсан шүлэг ч байсанд миний хувьд үнэхээр их олзуурхаж, баярласан. Нэг ёсондоо сайхан хайр нь тэр хүнд урам зориг төрүүлж, цаашид шүлэг бичих сонирхолтой болгосон ч байж болно шүү дээ. Хамгийн гол нь ийм сайхан гэгээн уралдаан зохион байгуулах санаа сэдэл олсон ханьдаа дахин дахин баярлаж байна. Бас хайр сэтгэл маань ч улам бадарч байна.

-Анх “Хайрын шүлэг”-ийн уралдааны талаар ханиасаа сонсоод юу гэж бодож байсан бэ. Тэгвэл одоо ямар мэдрэмж төрж байна?  

-Анх сонсоод л баярлаж, гайхах зэрэгцсэн. Тэгээд яруу найрагт дуртай, энэ сайхан зүйлийг олж хараад авъяас билгээ уралдуулан шүлгээ ирүүлсэн бүх хүнд баярлаж байна. Хамгийн гол нь цаг заваа гаргаж, авъяас билгээ шавхан шүлэг бичнэ гэдэг их сэтгэл шүү дээ. Энэ сэтгэлийн цаана сайн сайхан руу тэмүүлсэн, нэг нэгэндээ илч гэрэл хайрласан их том гэгээрэл, хайр явж байгаа юм шүү дээ. Одоо хүмүүс цахим ертөнцөөс хэрүүл тэмцэл, муу муухай зүйл унших гэхээс илүү гэрэл гэгээтэй, жирийн сайхан хүмүүсийн амьдрал, тэдний хөдөлмөр бүтээлийн тухай уншихыг хүсдэг болж. Энд ч гэсэн миний ханийн үүрэг роль оролцоод явж байгаад үнэхээр сайхан баярлууштай юм. Эцэст нь та бүхэндээ маш их баярлалаа гэдгээ дахин илэрхийлье.



Х.Онон
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна