Багануурчууд концессийн эсрэг байна

2018/03/15
Нийслэл хотоос иргэний нийгмийн журмын нөхөд Багануурт очиж нутгийн ард иргэдтэй уулзаж, Багануурын концессийн асуудлыг танилцуулж, ирсэн хүмүүсийн санаа оноог сонслоо. Бүгд Багануурын концессийг цуцлуулъя гэдэгт санаа нэгтэй байлаа. Эвлэлдэн нэгдэх үүслээ тавьж, акцийн талаар ярилцлаа. Бас цуцлуулахын төлөө гарын үсэг цуглуулах, тараах материал түгээх аяныг эхлүүллээ. Концессийн барилгын хашааны дэргэд очиж байдалтай танилцлаа. Мөн хамт явсан “Ийгл” ТВ-ийнхэн ярилцлага, зураг авлаа. Нутгийн иргэдийн санаа бодлоос:

Самбуу: Би 30 жил Багануурын уурхайд ажилласан инженер хүн. Энэ концессийг цуцлуулахын төлөө байна. Ард иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байхын оронд хүнд хортой нөхцөлд ажилладаг уурхайчин олныхоо эрүүл мэндийг нөхөн сэргээхэд анхаардаг болоосой.

З.Ваанжилжав: Өөрийнхөө юмыг квт-ыг нь 225 төгрөгөөр авъя гэдэг ямар ч утгагүй. Түүний оронд нүүрс-химийн үйлдвэр байгуулж, 380 бүтээгдэхүүн үйлдвэрлэ. Нүүрсээ сайн боловсруул. Германчууд нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх маш ашигтай санал тавихад хүлээж авахгүй байсан. 

Өнөөдөр ч Багануурын уурхай нүүрс нийлүүлэхдээ их хүндрэлтэй учирч байгаа. 700 МВт-ын станцид нэмж нийлүүлэх бололцоо байхгүй. Цаашдаа жилд 10 сая тонн нүүрс гаргаж байх юм шиг яриад байгаа. 300-400 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийж байж гайгүй болох юм уу яах юм. Хөрсөө хуулаад шороогоо асгах газаргүй, нүүрсээ авах ч аргагүй болчихоод байгаа. Төмөр замаар хөрс хуулалтын тээвэр хийдэг байтал лобби орж ирж болиулаад, соляркны мангас Катерпиллараар шороо зөөдөг болсон. Энэ концессиор бүр аюултай эдийн засгийн алуурчид орж ирнэ.

Одоо бид цацраг, бусад сөрөг зүйлээр их хордож байгаа. Олон улсын зөвшөөрөгдсөн жишгээс цацрагийн хэмжээ 200 дахин их байгаа. 30 хүрээгүй залуус бууралтдаг, хүүхдийн шүдний өвчин их. Зүрхний өвчин манайд маш өргөн дэлгэрсэн, залуугаараа зүрхээр явж байна. Амьдрал эрсдэлтэй, түгшүүртэй байна. Ийм байхад нүүрсний олборлолтыг эрс нэмэгдүүлж болохгүй.

Ч.Саранчимэг: ҮАБ маш ноцтой зөрчигдөж, хамаг юм хятадынх боллоо. Хөдсөн дээлтэй улс орноо аварч байсан монголчууд өнөөдөр яагаад чадахаа байчихав? Газар шорооныхоо төлөө тэмцнэ. Энэ концессиор Хэрлэн голоос 9 газраар их хэмжээний ус авч ашиглах гэж байгаа. 7 цооног бэлэн болчихсон. Олигархуудыг эсэргүүцнэ. Энэ асуудалд нам хамаагүй. Багануурчууд бүгд тэмцэцгээе. Монголчууд бид талхны хойноос л хөөдөг байж болохгүй. Өвсний хойноос л явдаг үхэр шиг байж болохгүй. Үнээний саравч шиг юм хятадууд олноор барьсан.

С.Уранчимэг: Нууцаар явагдсан ноцтой асуудал байна. Энэ асуудалд нам гэхээ больё. Иргэд намаа өмөөрөөд талцахаа зогсооё. Эх орон нэг болохоор бид нэгдэх ёстой. Яаж тэмцэх вэ гэдгээ л ярья. Үхсэн ч хамаагүй тэмцнэ. Нэг үхэхээс хоёр үхэхгүй.

П.Сүхбат: Энэ мега төслийн талаар асуулга тавьцгаая. 20 000 орос хүн Монголын тусгаар тогтнолын төлөө амиа өгсөн. Харин бидний төлөө хэдэн хятад хүн амиа өгсөн бэ. Бодох л асуудал.

Ц.Дашбаатар: Гэрээ байгуулсан хүмүүс шовгороо авч байж л байгуулсан байгаа шүү дээ. Нэг ч ашигтай гэрээ байгуулдаггүй. Энэ концессид хятадын эрх ашиг л 100% байна. Санаа зовохоос цаашгүй байхаа больё. Бүгдээрээ оролцох хэрэгтэй.

Д.Баяндэлгэр: Манай эндхийн төмрийн үйлдвэрийн хятадууд хятад хүнээ л ажиллулах сонирхолтой байдаг. Ажиллуулах хүнээ өөрсдөө дураараа л шийддэг юм билээ. Энэ концессиор олон хятад орж ирвэл, олон асуудал үүснэ.

Ч.Мөнхбаяр
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна