Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн энэ сарын 23-ны өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хандан уриалга хүргүүлжээ. Тус уриалгаар Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон хөгжлийн бодлого”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд” урт хугацааны бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг хүссэн аж.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 62 дугаар тогтоол буюу агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Сая уушги-Сая мод” аяныг дэмжин ажиллахыг уриалжээ. Энэхүү аян нь хоёр үе шаттай хэрэгжих бөгөөд хавар болон намрын мод тариалалтын үеэр иргэд, аж ахуйн нэгжүүдийг мод тарихыг уриалж, иргэдэд мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх чиглэл сургалт сурталчилгааны ажил хийгдэх юм байна.
Нийслэлийн 9 дүүрэг, 171 хороо, ТББ, иргэдийн оролцоотой уг аяныг зохион байгуулах бөгөөд мод тарихын ач холбогдол, иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт сурталчилгааны ажлыг НЭМГ, НБОГ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар тус тус хариуцан ажиллах юм байна. Аяны нэгдүгээр үе шат ирэх дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж, зургадугаар сарын 01-нд өндөрлөх бол, хоёрдугаар үе шат нь есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 25 хүртэл явагдах ажээ.
“Сая уушги-Сая мод” аяны хүрээнд:
-Мод тарих аяны хүрээнд Их дээд сургууль, МСҮТ болон ЕБС-ийн төгсөх ангийн оюутан сурагчдад уриалга хүргүүлж, мод тарихыг уриалах
-Залуус, шинээр гэр бүл болж буй иргэд анхны хүүхдэдээ дурсамжийн мод тарих хөдөлгөөн өрнүүлж, “Дурсамж” цэцэрлэгт хүрээлэн байгуулах
-Бидний гудамж-Бидний эрүүл мэнд өдөрлөгийг ирэх дөрөвдүгээр сарын 15-наас дүүрэг, хороод өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах
-Шинээр баригдаж буй орон сууцны хороолол, хотхон, гэр хорооллын гудамж талбайд мод тарих талбай гаргах, тохижуулах ажлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариуцах
-Айл өрх бүр хашаандаа 3-аас доошгүй мод тарих
-Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Энэхүү аян хэрэгжиж дууссанаар нийслэлийн хэмжээнд 1 саяас доошгүй мод тарьж ургуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хамгийн их мод тарьсан дүүрэг, хороог гудамжийг “Манай хороо-Миний гудамж” ажлын амжилтыг шалгаруулах үзүүлэлтэд оруулж тооцохоор болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна