COP27: Дэлхийн дулаарлаас үүссэн ХОХИРЛЫГ хэн ТӨЛӨХ вэ

2022/11/07

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын дээд түвшний чуулган Египет улсын Шарм-Эль-Шейх хотноо өнөөдөр эхэллээ. 

Зөв.мн мэдээллийн сайт тус уулзалтаас сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна. 

Долоон жилийн өмнө байгуулагдсан Парисын хэлэлцээрт суурилдаг COP27 /27th Conference of the Parties/ буюу уур амьсгалын тухай НҮБ-ын суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь удаагийн энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн 110 гаруй улсын төрийн тэргүүн, сайд нар оролцож буй юм. 

Тус арга хэмжээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, цөлжилтийг сааруулахад баримталж буй  өөрийн орны бодлого, байр суурийг танилцуулах юм.

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Олон Улсад зарлан хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлхийн удирдагчид оролцож буй дээд хэмжээний энэ удаагийн чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг нэмэгдүүлэхгүй байх зорилготой Парисын Конвенцын заалтуудын хэрэгжилтийг үнэлж, дүгнэх, шинэ дүрэм журмуудыг боловсруулах, оролцогч талуудын хүлээсэн үүргийг хэлэлцэх юм. 

Энэ удаагийн чуулганаар хэлэлцэх гол асуудлууд: 

1. Дэлхийн дулаарлын улмаас учирч буй хохирлыг нөхөн төлөх

2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход туслах төслүүдийг дэмжих

3. 2030 он хүртэлх хүлэмжийн хийн ялгарлын өнөөгийн зорилтуудыг эргэн харж, сайжруулах;

4.Хаягдлыг бууруулахад чиглэсэн үндэсний стратеги төлөвлөгөөний үр дүнг нэгтгэн дүгнэх 

5.Эрчим хүчний шилжилтийг уур амьсгалын зорилтуудад хүрэх суурь алхам байдлаар түүнд холбогдох технологийн хөгжлийг дэмжих

6. 100 тэрбум долларыг хэрэгцээтэй байгаа улсуудад олгох

7. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг түргэсгэх арга зүйн үндсэн дэмжлэг болох шинжлэх ухаан, технологи, мөн удахгүй гарах IPCC -гийн тайлангийн явцыг сайжруулах гэх мэт голлох асуудлуудыг хэлэлцэх юм. 

Чуулганы эхэнд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтын суурь конвенцын Үндэсний зохицуулагч З.Батжаргалаас энэ удаагийн хурлаас хүлээж буй бодит шийдвэр, үр дүнгийн талаар тодрууллаа.

З.Батжаргал: "Тэрбум мод" тарьж, ургуулж чадвал цөлжилтийг сааруулахаас гадна МУ амлалтаа биелүүлэх юм


-Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын 27 дугаар чуулга уулзалтын онцлог нь юу вэ?

Энэ удаагийн уур амьсгалын өөрчлөлтийн талуудын бага хурал нэлээд онцлогтой болж байна.

Урьд өмнө Монголоос хэзээ ч ийм олон төлөөлөгч бүртгүүлж байгаагүй. Бага хуралд бүртгүүлсэн хүний тоо 60 хүрч байна.

Хоёрдугаарт төрийн тэргүүн оролцож байгаа. Төрийн тэргүүн оролцохоос гадна техникийн хэлэлцүүлгийн түвшинд маш олон байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Энэ бол маш чухал. Үнэхээр энэ удаагийн хурал дэлхий нийтийн хэмжээнд ач холбогдол өгч байгаа нь юу вэ гэхээр Глазгод нэлээд гацаж байсан, ялангуяа хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулж байгаа орнууд Парисын хэлцлээс гарснаас болж дэлхий нийтэд эргэлзээтэй байдал үүссэн. Зарим улс нь дэмжиж байгаа юм шиг, дэмжихгүй байгаа ч юм шиг байдалтай байсан. Гэтэл АНУ-ын шинэ засаг захиргаа буцаад Парисын хэлэлцээрт нэгдсэн учраас эргээд уур амьсгалыг анхаарч байна. Тэгэхээр энэ жил бага хурал бүртгүүлсэн хүний тоо маш олон байна. Гол асуудал юу байна вэ гэхээр нээлттэй хурал дээр бага хурлын өмнөх дарга, шинэ дарга, уур амьсгалын конвенцын гүйцэтгэх захирал, олон улсын засгийн газар хоорондын шинжлэх ухааны байгууллагын дарга нарын мэдэгдлээс үзэхэд та нар мэдэж байгаа. Парисын хэлэлцээр хоёр градусын босготой байсан бол 1.5 градусын босго болгосон.

1.5 градусын босготой болоход Монгол Улс идэвхтэй оролцсон.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг бүлгийн 10-аад орон байсан. Тэрний нэг нь манай орон байсан. Бид Парисын хэлэлцээрийн үеэр 2 градусыг 1.5 градус болгох санал гаргаад маш их дэмжлэг авсан. Одоо дэлхий нийтээр 1.5 градус гэж ярьдаг болсон.

Манай улсын хувьд цаг уурын дулаарлын талаар ямар байр сууринаас хандаж байгаа бол?

     - Өчигдөр нээлтийн үеэр хэлсэн хамгийн гол зүйл нь яг өнөөдрийн байдлаар 1.5 градусын босгод арай хүрэхгүй, 1.7-д дөхөж магадгүй байна. Манай улсын хувьд авах арга хэмжээ зүйтэй байна гэж ярих бол амар, хийх хэцүү. Яагаад гэвэл нүүрснээс бүрэн татгалзах уу ? аажмаар татгалзах уу ? гэдэг нь өнгөрсөн оны Глазгогийн хурал дээр маш их маргаан болсон. Тэгсээр бид аажмаар татгалзахаар болсон. Одоо энэ удаагийн хурал дээр нүүрс гэдэг зүйлийг байхгүй болгоно гэсэн үзэл орж ирнэ. Дээр нь цоо шинээр нүүрс төрөгчийн давхар ислийн тухай, тэрэнтэй дүйцэх хийн тухай ярьдаг байсан бол одоо метаны тухай ярьдаг боллоо. Тэгэхээр метан бол манайд маш эмзэг асуудал. Яагаад гэхээр малын тоо толгой маш их өсөж байгаа. Дээр нь намаг хатаж ширгэж байгаа учраас метан ялгарах хэмжээ нэмэгдэж байгаа. Тийм учраас манай улс бид дэмжиж байна гээд том үүрэг авах ямар ч бололцоогүй. Гэхдээ энэ удаад метаны амлалтад нэгдэж байгаа. Учир шалтгаанаа тайлбарлаад, зарчмын хувьд манай улс дэмжиж байна, гэхдээ тодорхой амжилт одоохондоо гаргаж чадахгүй гэдгээ хэлж байгаа.

Түүнчлэн тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол зүгээр нэг олон нийтийг хөдөлгөх гэж оролдсон улс төрийн ажил биш.

Одоохондоо манайхан зөвхөн хүлэмжийн хий шингээх талаас нь яриад байна. Үнэн чанартаа энэ бол дасан зохицох маш чухал арга хэмжээ болж байгаа. Яагаад гэхээр манай уур амьсгал хуурайшиж байгаа энэ нөхцөлд үүний эсрэг зогсох ганц зүйл бол Монгол орны газар нутагт ургамлыг сэргээх. Тэгэхээр тэрбум мод үндэсний хөдөлгөөний зорилт биелэх юм бол хүлэмжийн хий шингээх амлалтаа ахиулахаас гадна, хуурайшилтын эрчмийг сааруулах ийм боломж гарна. Тийм учраас бид өөрсдөө зөв ойлгож, олон улсын хэмжээнд зөв ойлгуулж, дэмжлэг авах арга зам эрэлхийлэх нь чухал гэж бодож байгаа.

  -Ирэх долоо хоногт техникийн хэлэлцээр болох юм билээ. Манай талаас үүнд ямар асуудалд анхаарал хандуулж байна вэ?

        -Энэ хуралд шийдсэн асуудлыг хэлэлцэх бус, шийдэх гэж байгаа асуудлыг ярилцах юм. Монгол Улс бол бүх асуудалд оролцох боломжгүй. Бид дасан зохицох асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Усалгаагүй газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай манайх шиг улс үүнд анхаарахаас аргагүй. Усны асуудалд бид анхаарал хандуулахаас өөр аргагүй. Малын тоо толгой өсөж, уул уурхай, дэд бүтцээс хамааралтай байгаа энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудал шинжлэх ухааны маргааны асуудал биш. Улс орны эдийн засаг, нийгмийн том асуудал" гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.255
    2022/11/08

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах