Х богд бидэнд дутагдаж байгаа оюун санааны эрчмийг нөхөж, нийгмийн ёс зүйг дээшлүүлнэ

Zuv.mn
2023/08/31

Далай ламын хойд дүрийг тодруулах эрхтэй хоёрхон мяндагтны нэг, Дээрхийн гэгээн, Оройн дээд, Очирдара Богд Жэвзүндамба хутагтын Аравдугаар дүрийн хувилгаан Данзанжамбалчойживанчүг Монгол түмний их багш Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон Богдын хүрээний мэргэн гавж Лувсандаян ламтаны жигдлэн найруулж Төвөдийн мэргэд дээдсүүдэд дамжуулсан, Мажиг дүвбий жалмо хэмээх Энэтхэгийн их бүтээлчийн Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд,чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлага эрхийг ёсчлон хүртжээ.

Шашны номонд юу гэж тайлахыг мэдэхгүй ч 90 гаруй жилийн тэртээ Монгол орноос дамжсан ховор номын авшиг, Монгол орноо эргэн дэлгэрсэн чухал үйл явдал болсон байна. Иргэд олон нийт энэхүү үйл явдлыг Х богд гэгээнтэн шашны эрдэмд боловсорч эхэлсэн, мөд үйл хэрэг нь дэлгэрэхийн нэг үе шат хэмээн хүлээн авч байна.

"Нийгмийн харилцааны баялаг", түүнийг бий болгох нь

Улс оронд дэг журам, тогтвортой байдлыг хангахад нийгмийн төлөвшил, ойлголцлыг илэрхийлдэг “Нийгмийн харилцааны баялаг”-ийг бүрдүүлэх явдал чухал байр суурь эзэлдэг. Дэлхий нийтийн жишгээс харахад, ямар нэг үзэл баримтлал дор нэгдэж чадсан үндэстэнд нийгмийн ухамсар, иргэний ёс зүй өндөр байдаг байна.

Ард түмний оюун санааг нэгтгэж байгаа тэрхүү үзэл баримтлал нь улс төрийн цэгц номлол юм уу, шашин байх нь гол биш, гагцхүү үүргээ гүйцэтгэж, нийгмийн ёс зүй ухамсрыг тогтмол дээд түвшинд барих нь л гол. Гэхдээ практик дээр дийлэнх улсад шашин энэ үүргийг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл шашин нь хувь хүний ухамсар, ёс зүйн хэм хэмжээг тогтоох замаар нийгмийн ёс зүйг өргөж өгдөг ажээ. Үүнд шашны хүчтэй, үлгэр жишээ, олныг дагуулсан лидерийн үүрэг чухал байдаг.

Өмнөх нийгмийн үед шашны нийгмийн ухамсарт гүйцэтгэх үүргийг үгүйсгэж, огт хэрэггүй зүйл мэтээр сурталчилдаг байв. Тухайн нийгмийн гол онолч болох Карл Марксыг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм” гэж хэлсэн мэтээр гүтгэж, сүм хийдийг түйвээн устгаж, лам нарыг алж хядаж байлаа.

Өнөөдөр Монголд нийгмийн ухамсар асар доройтож, мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй болж, эд баялгийг олох нь гол, яаж олох нь чухал биш гэсэн мунхаг тачаал ноёлох хандлагатай болжээ. Тиймдээ ч шашныг нүгэл хийчихээд сэтгэлээ хуурах төдий зүйл гэсэн ойлголт ноёрхож байна.

Хүмүүсийн шашны талаарх ойлголт ийм ухвар мөчид, өнгөц байгаа нь сүм хийдэд хандив өргөхийн оронд хувьдаа суварга бариулдаг аминч үзлээс нь илт. Ийм байдлаас болж буддын шашин “Бусад шашин өгдөг, буддын шашин авдаг” гэсэн ярианы сэдэв болж шүүмжлүүлж буй.

Эндээс Монголын зонхилох шашин бусад шашинд байр сууриа алдаж байгаагийн гол шалтгаан нь яг буддын шашны сургаалийг таньж мэдсэн, тухайн шашныхаа сургаалийг судалж боловсорсон сүсэгтэн бараг байхгүйд оршиж байна гэж дүгнэж болно.

Тиймээс Х богд заларсан нь иргэдийн шашны боловсролыг өргөж, иргэдийн ёс зүй ухамсрыг дээшлүүлж, далимд нь амар амгалан, аз жаргалтай нийгэм байгуулах нөлөөтэй билээ.

Шашны боловсрол гэдгийг шашны сургууль нээж хүүхэд элсүүлэн лам бэлдэх бус, буддын шашны нигүүлсэнгүй, шударга, хүлээцтэй байх сургаалийг олон нийтэд таниулан сурталчлах гэж хэлсэн гэж ойлговол зохино.

Өнөөдөр нийгэмд олныг цочирдуулсан хэрэг байсхийгээд л гарч байна. Энэ бол магадгүй, сүүлийн 30 жил бид Марксизм, Ленинизмийг орлуулчих, нийгмийг нэгтгэн зангидах нэгдмэл үзэл баримтлалгүй явж ирсний үр дагавар гэж харж байна. Хувьсгал гэдэг угаасаа их бага хэмжээгээр хаос дагуулж, тэр нь хэдэн жил ч үргэлжилдэг. Нийгэм ийм эмх замбараагүй үед олон нийтийн оюун санааг зангидах үүрэг шашинд үлддэг жамтай. Харамсалтай нь манайх эрхийг нь нээж өгсөн ч бусад асуудлыг орхигдуулснаас, нөгөө талаар гаднын шашин, ашиг сонирхол хэтэрхий хүчтэй орж ирснээс болж одоогийн энэ байдалд хүрлээ.

2020 оны байдлаар Монгол Улсад шашны 50 гаруй урсгалын 848 байгууллага, шашны чиглэлээр 40 гаруйн олон улсын төрийн бус байгууллага, өөр зорилго, үйл ажиллагааны хэлбэрээр халхавчлан цөөнгүй шашны байгууллагууд үйл ажиллагаа эрхэлж байна.

Тиймээс шашны нийгэмд гүйцэтгэх үүргийг дахин авч үзэх, тэр дундаа зонхилох шашны одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж, зохих арга хэмжээ авах цаг болсон гэдэг нь яах аргагүй үнэн юм. Шашин бол хүн төрөлхтний бий болгосон соёл, ухамсар, гоо зүй, гүн ухаан, ёс суртахууны хэм хэмжээтэй хүйн холбоотой байдаг. Арван хар нүгэл, зовлонгийн шалтгааныг мэддэг хүн хүслээ эс тэвчин балмад хэрэг үйлдэх үү гэдэг талаас нь харж, шашны сургаалийг зөвөөр таниулан сурталчилж чадвал нийгэм одоо байгаагаас хамаагүй амар тайван болж, ёс зүйн хэм хэмжээ өндөрсөнө гэдэгт эргэлзэхгүй байна.

Үүнд Х Богдын гүйцэтгэх үүрэг үлэмж билээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 70.79.97.177
    2023/09/01

    Дутагдаж байгаа оюун санааны эрчмийг хувь хуний өөрийн сэтгэл зутгэл л нөхөх болов уу

    Хариулах
  • 139.5.217.82
    2023/08/31

    Богдын үүргийг хэтрүүлэх, эсвэл үгүйсгэх гэсэн хоёр туйл руу шидээд байх юм. Үүнд хүн бүр хушуу дүрээд байх хэрэг ч үгүй.

    Хариулах
  • 66.181.160.112
    2023/08/31

    Өмнө нь 10дүр тодроод 300илүү жил болохдоо Монголчууд боол босгоны шороо л болгосон сонголт.Шинэ зуунд богд биш боловсрол хэрэгтэйсэн.

    Хариулах
    • 66.181.161.216
      2023/08/31

      OK Ok