Б.Ням: 900.000 төгрөгөөр 1-3 хүний ажлыг зэрэг хийдэг ч шүдээ зуугаад тэссээр байна

2022/08/09

Дэлхийн улс орнуудын анхааралдаа нэн тэргүүнд авдаг салбар бол яах аргагүй эрүүл мэндийн салбар. Тэрбээр дэлхийн улс орнуудын эмч нарын жилийн дундаж цалин нь ойролцоогоор:

  1. Америк - 210 мянган доллар

  2. Герман - 183 мянган доллар

  3. Их Британ - 138 мянган доллар байдаг бол Монгол улсын эмч нарын жилийн дундаж цалин гурван мянган доллар байдаг ажээ.

Бодит байдал дээр эмч нарын цалин амьдралд нь хүрдэггүйг удаа дарааллан болсон эмч нарын жагсаалаас харж болно. Энэ зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудал биш Монголын гурван сая гаруй хүний эрүүл мэнд амь насны асуудал яригдаж байгаа учраас энэ салбарын ажилчид ардаа санаа зовох юмгүй ажлаа хийж ард түмнийхээ эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө ажиллах эрхтэй, үүрэгтэй. 

Цар тахал гарснаас хойш эмч нарын ачаалал хэд дахин нэмэгдэж, “цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй бол цаашид ажилчид маань цөхөрч ядарч сульдаж маш олноороо өвчилж эхэлж байна” гэсний хариуд “эмч нарын цалин хөлсийг нэмнэ” гэж холбогдох байгууллагаас ч мөн мэдээлсэн. Тэгвэл тус шийдэл бодит хөрс дээр хэрэгжиж байгаа талаар Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төв, дотрын эмч Б.Нямтай товч ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та эрүүл мэндийн байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа вэ? 

  • Сайн, сайн байна уу? Намайг Ням гэдэг. Би 2005 онд анагаах ухааны их сургуулийг төгссөнөөсөө хойш эрүүл мэндийн салбарт 17 жил ажиллаж байна. Одоогоор хөдөө орон нутгийн эмнэлгийн 2-р шатлалд дотрын эмчээр ажилладаг. 

Эмч нарын цалин амьдрал ахуйд нь хүрдэггүй, дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хамаагүй бага байдаг гэж яригддаг. Тэгвэл таны тогтмол цалин хэдэн төгрөг вэ? Эмч нарын цалинг гүйцэтгэлээр нь нэмнэ гэж удаа дараа яригдаж байсан ч бодит байдал дээр хэрэгжсэн үү? Анх төгсөөд авч байсан үеийнхтэйгээ харьцуулахад хэр их өссөн бэ?

  • Миний одоогийн сар бүрийн тогтмол цалин 954.000 төгрөг. Үүнээсээ татвар, даатгал зэргээ төлөхөөр гар дээр ирэх бэлэн мөнгө нь улам багасна. Манай 2-р шатлалын хувьд бол гүйцэтгэлээр цалин нэмэгдсэн юм бол байхгүй. Энэ асуудал одоо ч бүрэн төгс шийдэгдээгүй гэж хардаг. Эмч хүний ур чадвар гэдэг бол туулж өнгөрөөсөн жил, илээсэн оймсны хирээр илэрдэг зүйл, гэвч одоогийн цалингийн тогтолцоонд тийм зүйл байхгүй болсон. Дөнгөж анагаах төгсөөд ирсэн хүүхэдтэй л ижилхэн цалин авдаг. 

Ковид-19 цар тахлын үед эмч нар маш ачаалалтай уйгагүй ажилласныг ард түмэн бүгд мэдэж байгаа. Ачаалал нь хэдэн хувь нэмэгдэж, яаж ажиллаж байв? 

  • Би улаан бүс биш харин арын албанд ажилласан. Эмч нарын бараг 50% нь улаан бүс рүү орсон бол үлдсэн 50% нь арыг нь даагаад арын албанд ажиллаж байсан. Арын алба гэдэг нь манайх өдөрт үндсэн гурван жижүүр эмч гардаг бол жижүүр эмч нар улаан бүс рүү явсан үед бид ажлынхаа хажуугаар давхар жижүүр хийж байсан үе ч бий. Тэр үед бүх эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн хажуугаар цар тахалтай тэмцэж байсан болохоор ачаалал хэр их нэмэгдэх нь ойлгомжтой. Арын албанд ажиллаж байгаа эмч 1-2 хүний ажлыг давхар хийж байсан л гэсэн үг. Гэхдээ эмч нар бид хэцүү байна гэж гомдоллож нэмэлт цалин авч байсан удаагүй ээ. 

Таныг 17 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байх хугацаанд ажлын хамт олон болон найз нөхдөөс тань  цалингаасаа болоод ажлаа хаях тохиолдол гарч байсан уу? 

  • Надтай адил энэ салбарт 17 жил гаруй ажилласан хүмүүс цалин бага байсан ч ажлаа орхино гэдэг хэцүү. Учир нь бид залуу нас, эрч хүч бүхий л зүйлээ энэ салбарт зориулчихсан шүү дээ. Төгсөөд удаагүй залуу эмч, сувилагч нар бол цалингаа голоод ажлаа орхих явдал бишгүй л байлгүй яахав, мэдээж тэр нь ч боломжтой. Тэд чинь нас залуу эрч хүч,  хийж бүтээх хүсэл дүүрэн байгаа. 

Монголд эрүүл мэндийн салбарт сувилагчийн хомсдолд ороод, энэ мэргэжлийг сонгох залуус улам багассаар байна гэсэн. Тэгвэл энэ ажлын байранд тань илэрч байна уу? 

  • Сувилагч байхгүй ээ, хаа сайгүй эмнэлгийн байгууллагаар сувилагч дутаад байгаа нь үнэн. Их сургуульд сувилагч мэргэжлээр элсэх оюутнууд харьцангуй бага болсон санагдаад байгаа. Аргагүй шүү дээ. Сурахын тулд өөрөөсөө ямар их хөрөнгө мөнгө, цаг хугацааг зарцуулах билээ. Төгсөөд тэрнийхээ дайтай цалин хөлс авч чадахгүй гэдгээ одоогийн залуус маань мэддэг болсон болохоор сувилагчийн ангийг зүглэх ч үгүй байх. Сувилагч байхгүй болохоор манай эмч нар сувилагчийнхаа ажлыг давхар хийгээд шүдээ зуугаад л ажиллаж байна даа. Ажлын ачаалал 50% нэмэгдсэн ч түүнтэй дүйцэхүйц цалин хөлс авч чадахгүй.

Та өөрийнхөө ажиллаж буй эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлт, шинэчлэлт хийгдээсэй гэж хүсдэг вэ? 

  • Эрүүл мэндийн салбар бол яах аргагүй дэлхийн аль ч улс оронд хамгийн чухал салбар. Энэ салбарыг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд аваачихыг хүсэж байвал зөв замаар, зөв л чиглүүлэх  хэрэгтэй. Эрүүл мэндийн зах зээл нь чөлөөтэй, төлбөртэй нь төлбөртэй, үнэгүй нь үнэгүй, тодорхой даатгалын тогтолцоогоо боловсронгуй болгох хэрэгтэй санагддаг. 

    Мөн эмч нарыг давхар ажиллах боломжийг нээж ойлголтыг нь өгөхгүй бол чөлөөт цагаараа өөр хувийн эмнэлэгт мэдсэн чадсан зүйлээ хийх гэхээр ашиг сонирхлын төлөө болоод хувирчихдаг.  Бодит байдал дээр тэр хүн яагаад амрахын оронд ажиллахыг сонгоод байгааг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр авсан цалин нь амьдралд нь хүрч байсан бол хэн ч нэмэлт цагаар ажиллахыг хүсэхгүй нь мэдээж. Өнөөдөр эмч нар л хамгийн цаг наргүй ачаалалтай ажилладаг хэр нь хамгийн ядуу амьдралтай санагддаг. Бид чинь бусдаас ангид биш яг л монголын ард түмний нэг шүү дээ.

Ярилцсанд баярлалаа

Бидэнтэй ярилцсан Дорнод бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дотрын эмч Доктор Б.Нямын хувьд:

  • ЭМШУИС – их эмч 6 жил 

  • Дотрын эмчийн резидентур 1,5 жил 

  • Хоол боловсруулах эрхтэн судлалын эмчийн сургалт 1 жил 

  • АУ-ны магистр 2 жил 

  • Элэгний эмчийн дээшлүүлэх сургалт 6 сар

  • АУ-ны докторантур суралцаж буй 

  • Дотрын ахлах, тэргүүлэх зэрэг хамгаалсан

Нийтдээ 20 гаруй удаа гадаадын өндөр хөгжилтэй оронд урт болон богино хугацааны сургалтад, түүнээс ч олон удаа дотоодын богино хугацааны сургалтуудад сууж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн ирсэн хэдий ч өнөөдрийн байдлаар түүний сард авдаг цалин нь 954.000 байгаа юм.

Т.Тэргэл



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.180
    2022/08/10

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах