Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ дахь айлчлал ДЭЛХИЙН ХЭВЛЭЛД


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лхагва гарагт Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн гол сэдэв нь худалдаа байлаа гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн сүүлд 2011 оны зургаадугаар сард айлчилж байлаа. Трампын Засгийн газраас Монголын гадаад худалдааг төрөлжүүлэхэд туслах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Одоо Монголын худалдааны нийт эргэлтийн 90 хувь нь Хятадад оногдож байгаа юм.

Мөн хоёр Ерөнхийлөгч батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын асуудлыг хэлэлцлээ.

Х.Баттулга нь Монголын “Женко” хэмээх том компанийг эзэмшдэг байсан. Мэргэжлийн жүдоч, самбогийн тамирчин байлаа. 1983 онд самбо бөхийн дэлхийн аварга болж байсан. 2017 оны зун Монголын Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Саяхан Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Улаанбаатарт айлчилсан билээ.

Монгол АНУ-д ноолуурын үйлдвэр нээх гэж байна

Eurasia Daily

Монголын “Gobi Cashmere” компани 2019 оны есдүгээр сард Сан-Франциско хотод салбараа нээх гэж байна. Харин тус компанийн охин компани “Gobi Cashmere USA” Лос-Анжелес хотод байрлаж, америк хэрэглэгчдэд зориулсан цахим хуудас гарган үйлчлэх гэнэ.

Монголын ноолуурын компани АНУ-д үйл ажиллагаа явуулахаар болсон нь Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үр дүн юм. “Говь” компани гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг ч Америкийн зах зээлд ороход хэцүү байлаа. Учир нь хятад гэсэн ноолуурын том өрсөлдөгч байсан юм. Нэг жилийн өмнө Дина Титус, Дон Янг, Тед С.Йохо, Дэвид Э.Цесси, Марк Медоуз, Стив Коэн гэсэн Конгрессын гишүүд АНУ-ын Худалдааны танхимд захидал бичиж, Монголын ноолуурын бүтээгдэхүүнийг татваргүй болгох хүсэлт тавьж байлаа. Захидалд “Монголын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлж, уул уурхайн хамаарлаас гарахаар ажиллаж байна. Монголын ноолуурыг АНУ-ын зах зээлд гарахад туслах нь Монголын эдийн засгийг бэхжүүлэхээс гадна АНУ, Хятадын худалдааны харилцаанд нөлөөлөх эерэг талтай” гэж дурдсан байлаа.

Трамп монгол мориндоо “Ялалт” гэсэн нэр өглөө

ТАСС

АНУ-д айлчилж байгаа Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга Доналд Трампын хүү Бэрронд хүлэг морь бэлэглэсэн билээ. Доналд Трамп Монголын Ерөнхийлөгчид талархсанаа илэрхийлээд мориндоо “Ялалт” гэсэн нэр өгснөө сэтгүүлчдэд мэдээллээ.

Гэхдээ “Ялалт” одоогийн байдлаар Монголдоо байгаа бөгөөд Трамп зургийг нь хараад сайн морь байна гэж дүгнэсэн. Морь бэлэглэх нь монголчуудын уламжлал юм. Өмнө нь Батлан хамгаалахын сайд асан  Дональд Рамсфелд, Чак Хейгел, Дэд Ерөнхийлөгч асан Жозеф Байден нар Монголын Засгийн газраас морь бэлгэнд авч байлаа.

Трампын хүүд бэлэглэсэн морь Бээжинд өгсөн анхааруулга байлаа

CNN

Монголын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын 13 натсай хүү Бэрронд морь бэлэглэсэн талаар Америкийн хэвлэлүүд бичиж байна. Энэ бэлэг бэлгэдлийн чанартай зүйл юм. Монголын соёл уламжлалд морь чухал үүрэг гүйцэтгэдэг, хамгийн үнэтэй, хүндтэй бэлэгт тооцогддог. Үнэндээ бол Бэрронд сарын өмнө морь бэлэглэсэн бөгөөд энэ бэлэг хоёр Ерөнхийлөгчийн уулзах шалтаг л болж өгсөн юм. “Халтмаагийн Баттулга Бэррон хүү мориндоо ямар нэр өгөхийг мэдэхийг хүслээ” гэдэг нь нэг ёсны сэдэв болсон.

Энэ морь Монголоос Цагаан Ордонд ирэх магадлал тун бага. Намхан жижигхэн монгол морь Монгол Улсын сүлд тэмдэг. Дэлхийг эзлэгч Чингис хаан өөрөө ийм морь унадаг байсан юм.

Монголд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл тэргүүтэй томчууд айлчилж байсан. Харин энэ удаад Трамп Монголын Ерөнхийлөгчийг Цагаан ордонд хэлэлцээр хийхээр урьсан нь Москва, Бээжинд өгч байгаа анхааруулга юм.

Х.Баттулгатай уулзсанаар Цагаан Ордон Хятадад дарамт шахалт үзүүлнэ гэж найдаж байна. Монголын гадаад худалдааны 90 хувь нь Хятадад оногддогийг болиулж, Монгол дахь Хятадын нөлөөг багасгана. Монголын ноолуурыг Хятадад биш АНУ-д гаргадаг болох төдий биш ноос, ноолуураа Америкт боловсруулах боломжтой болсноор монголчуудад эдийн засгийн ашигтай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна