Би гэж байхгүй, бид л гэж бий...


Залуу найруулагч Б.Тамир "37-р точка" олон ангит киноны нээлтийн үеэр ингэж хэлсэн. Дөнгөж оюутны ширээний араас боссон давилуун залуус UB palace-н үүдэнд хүсэл мөрөөдлөө ярилцан сууж байснаас хойш 15 жил өнгөрч, өнөөдөр тэд Монголын олон ангит киноны түүхэнд шинэ хуудас нээж чадлаа. Хамтдаа өндийж, хамтдаа төлөвшиж, хамтдаа хөгжиж буй нэгэн үеийнхнийг "Фантастик" уран бүтээлийн нэгдлийн залуусаас олж харах үргэлж бахархам сайхан байдаг. Тэдний анхны кино, анхны гэнэн алдаа, анхны том амжилт...харин одоо энэ продакшнаас дэлгэцийн урлагийн шинэ үеийн нэр төртэй жүжигчин, найруулагчид төрөн гарсныг "37-р точка" олон ангит киногоороо тэд дахин баталлаа. 20 ангит гурван бүлэг бүхий энэ кинонд 700 гаруй хүн ажиллаж, жил гаруй зураг авалт хийсэн бөгөөд өнгөрсөн зуунд хөл тавих бэлтгэлээ нэг улирлын турш базаажээ. Үүрэн холбооны "Skytel" компани, NTB зэрэг үндэсний контентийг дэмжигчид хүч хавсран зүтгэж, кино урлагийн салбарт нэн шинэ хуудас нээхэд том дэмжлэг үзүүлсэн байна. 

"Фантастик"- ийн залуус ч "37-р точка"- гаар эрийн цээнд хүрснээ нотлов. Жүжигчин Алтаншагай сөрөг дүр амилуулахдаа гарамгай нэгэн, тэр дундаа залуу үеийн Дамчаа гэдгээ нэр төртэй баталж, Баярбат өөрийн гэх өнгө төрхтэй жүжигчин болсноо бахархалтайяа зарлаж, Батсайхан буюу Можуухай ямар хэмжээний продюссер болохоо харуулж, Тамир монгол хөрсөнд төлөвшин боловсорсон монгол хийцтэй найруулагч болж буйгаа энэхүү бүтээлээр илэрхийллээ. Тэдний бүтээлд дэлхийн сэтгэлд хоногшсон кинонуудын сэтгэлд хоногшсон үзэгдлүүдийг монголчилсон гэмээр хувилбар, орь залуу насны бүх мөрөөдлөө нэгтгэн буулгасан оргилуун оролдлогын аль аль нь байдаг. Заримдаа инээд хүрмээр ил тодорхой гаргалгаа, дуу алдмаар үнэн бодит шийдлүүд, босон хараймаар зураглалуудын аль аль нь бий. Гэвч эх оронч, бүтээлч, "Би гэж байхгүй, бид гэж бий" хэмээн хамтдаа тунхаглаж чаддаг энэ залуусын алдаатай нь хамт монгол үзэгчид урагшилж, оноотой нь хамт хөгжиж байдаг.

Тэд өөрсдийгөө олж, олох тусмаа чангарч, илүү даацтай, илүү агуулгатай бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна. Найруулагчийн хувьд Б.Тамирын кинонуудад өнгө будаг, араншин, дүр, хэл хэллэг, үзэл санааны аль аль нь байдаг. Гэвч нэг л юм дутагдаад байдаг. Нэг л юм... Түүнийгээ ч тэр өөрөө мэдэж байгаа. Чухам юу дутагдаад байгааг он цаг өнгөрч, олон сайхан бүтээлтэйгээ хамт өсч өндийх тусмаа...өөрөө эрж хайж, олж нээх биз ээ. Найруулагч хүний насан туршийн эрэл хайгуул магадгүй энэ ч байх. Олсон нь ч бий...ололгүй хадуурсан нь ч бий...Ямартай ч амжилт, залуус аа. Та нар чадлаа. Монголын орчин цагийн кино урлагийн түүчээ болсон "Фантастик", тэдэнтэй хамтран "37-р точка"-г үзэгчдэд хүргэх гэж буухиалсан Скайтел, NTB болон бүх хамтрагчдад нь баярлалаа. Би гэж байхгүй, бид гэж бий...за тэгээд яарч байгаа нь Skymedia, Skygo-гээс татаад үзчихэж болох юм билээ шүү.

Нийтлэлч Р.Эмүжин



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна