“Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон өөрчиллөө

2020 оны 06 сарын 01

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталж, улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган дагаж мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэгт даалгав.

Монгол Улсын хэмжээнд ЕБС-иудад “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байсныг өргөжүүлж “Үдийн хоол” болгож, УИХ-аас “ЕБС-ын хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай” хуулийг батлан гаргасан.

Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас тус хөтөлбөрийг баталж буй.

МХЕГ болон бусад байгууллагуудаас явуулсан шалгалтаар Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол болгосноор сургуулиудын цайны газрын ачаалал эрс нэмэгдэж, халдвар хамгааллын дэглэм алдагдах, улмаар сурагчдын хүнсний аюулгүй байдал эрсдэлд орох нөхцөл үүссэнийг анхааруулсаар иржээ.

Иймд ЕБС-ийн хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоог бий болгох, стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх оновчтой зохион багйуулах, сурагчдын бие махбодь, насны ангилалд тохирсон шим тэжээл, амин дэмийн зохист харьцааг хангасан хоолны жор технологийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан хоол шим тэжээлийн боловсрол олгох тогтолцоог бүрдүүлэх, үр дүнг тооцож, үнэлэлт дүгнэлт өгч байх таван зүйл 48 заалттай энэхүү хөтөлбөрийг батлав.

Мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар илүүдэл жин, таргалалтын тархалт сургуулийн хүүхэд, бага насны хүүхдүүдийн дунд өндөр, сүүлийн 10 жилийн хугацаанд эрс нэмэгдсэн.

Сургуулийн нас буюу 7-11 насны хүүхдийн илүүдэл жин, таргалалт 4.3 хувиас 28.6 хувь болж өссөн бөгөөд 17.6 хувийг орон нутгийн, 23.9 хувийг хот суурин газрын хүүхдүүд эзэлж байна.

Үүнд сургуулийн орчинд хүүхдүүд буруу хооллож байгаа нь тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа гэж үзсэн байна.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.