1972 онд эхэлсэн АНУ-Вьетнамын дайн тосгоны нэгэн жаалыг ширэнгэнд 40 гаруй жил амьдрахад хүргэжээ. Жаалхүү ойд өсч том болсон бөгөөд ширэнгэд 41 жил болохдоо хэнтэй ч уулзаагүй аж. Телевиз гэж байдгийг мэдэхгүй, машиныг бол жаахан байхдаа аавынхаа ярианаас л сонсож байж. Энгийн амьдралд орж, нийгэмших хүртлээ тэрээр 41 жилийг шингэн ойд өнгөрүүлсэн байдаг. Ховрын ховор амьдралыг туулсан энэ хүний түүхийг zuv.mn уншигчдадаа хүргэж байна.
Тосгон нь АНУ-ын бөмбөгдөлтөд өртөж, гэр бүлийнхэн нь бүгд амиа алдав
Хо Ван Тхан гэгч вьетнам эрийн амьдардаг сууринг 1972 оны нэгэн өдөр АНУ-ын онгоцнууд бөмбөгджээ. Гэр бүлийнхэн нь нүдэн дээр нь амиа алдаж, ганц Ланг хүү нь л амьд үлдсэн байна. Тэрээр хоёр настай хүүгээ аваад шингэ ой руу дүрвэн зугтсанаар Ланг хүүгийн амьдралын зам зурагджээ. Аав хүү хоёр уулархаг бүсийн ширэнгэ ойн нам дор газарт амьдарч, загасчлах, жимс ногоо түүн аж төрж эхэлсэн байна.
Вьетнамын ширэнгэ ой гэдэг аюул заналаар дүүрэн ертөнц. Халуун бүсийн бусад ойн нэгэн адилаар махчин араатан, хортон шавьж элбэгтэй. Аав, хүү хоёр араатны хоол болчихгүйн тулд овоохой босгож, Робинзон Крузогийн бэхлэлт шиг давхар хашаалж авсан байна. Ингэж аюул заналаас бага ч гэсэн хамгаалагдсан ч галаа тасалчихгүйн тулд эртний хүмүүс шиг байнга манах хэрэгтэй болдог байжээ. Амьд гарахын тулд агнаж чадах бүхнийг агнаж, идэж болох бүхнийг идэж байлаа. Ланг хүү сармагчин, харх, могой, гүрвэл, мэлхий, сарьсан багваахай, шувууны мах идэж үзсэн ч хамгийн их таалагддаг нь загасны мах байсан аж. Тэд голд занга тавьж, түүнийгээ өдрөөс өдөрт сайжруулсаар олз омог ч арвижин өлсч үхэх айдсаасаа ангиржирчээ.
Ширэнгийн амьдрал
Хо Ван Ланг хүү болон түүний аавын амьдрал Японы армийн байлдагч Хиро Онодагийн түүхийг эрхгүй санагдуулдаг. Филиппиний Лубанг арлыг хориглон байлдаж байсан анги нэгтгэл нь 1944 онд АНУ-ын цэрэгт бут цохигдсоны дараа тэрээр амьд үлдсэн цэргүүдтэйгээ уул руу дүрвэн гарч, партизаны дайнд шилжсэн байдаг. Тэд Япон улс дайн бууж өгснийг мэдэлгүй үргэлжлүүлэн байлдсаар байсан төдийгүй Хиро Онада ганцаар үлдсэн хойноо ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулсаар 1974 онд л бууж өгсөн гэдэг.
Ланг болон түүний эцэг ч яг тийм нөхцөл байдалд орсон юм. Дайн аль хэдийнэ дууссан ч эцэг нь гэртээ эргэж очих нь үхлийн аюултай гэж итгэсээр байсан гэдэг. Ланг ч эцгийнхээ үгээр явж, соёл иргэншилтэй нэг ч удаа харьцсангүй. Тэрээр цаг хугацааг хэрхэн хэмжихийг мэдэхгүй. Өдөр шөнөөр солигддог гэдгийг л багцаална. Арваас дээш тоолж мэдэхгүй. Хожим энгийн амьдралд орсон хойно нь Лангтай уулзсан Испанийн аялагч Альваро Серезо энэ талаар “Би түүнээс 15 сарьсан багваахай барьчихаад түүнийгээ аавдаа юу гэж хэлснийг нь асуусан. Тэр “Олон эсвэл арваас дээш гэж хэлдэг байсан” гэж хариулж байлаа” хэмээн дурсчээ.
Харин Ширэнгийг бол арван хуруу шигээ мэднэ. “Вьетнам Тарзан” ширэнгээс идэх юм олох талаар маш нарийн мэдлэг эзэмшжээ. Тэрээр ширэнгэд ургадаг бараг бүх ургамлыг мэдэж, идэж болох, болохгүйгээр нь ялгаж чадна. Ан хийхээр болоход ямар ч дуу чимээ гаргахгүй, ул мөр үлдээхгүй явах чадварт суралцжээ. “Би Лангийг сарьсан багваахай идэж байхыг харсан. Ердөө л жимс мэт хазаад, зажлаад л идчихэж билээ” гэж мөнөөх аялагч А.Серезо ярьж байна.
Өөрсдийг нь харах хэн ч байхгүй ч гэсэн эцэг, хүү Ланг зундаа хормойвч, өвөлд нь ургамлыг гар аргаар сүлжиж хийсэн хувцас өмсдөг байв. Соёл иргэншлээс хол ширэнгэ ойд, элдэв янзын зүйл идэвч эрүүл мэндэд нь ч ноцтой асуудал тулгарч байсангүй. Ханиад хүрч, заримдаа хордлого авч байсан ч ажралгүй 40 гаруй жилийг үджээ.
Гэхдээ ширэнгэд байсан гээд балар эртний хүн шиг төсөөлбөл алдаа болно. Тэд хоол ундаа тогоонд чанаж, аяга, савх хэрэглэдэг байв. АНУ-ын армийн сөнөсөн нисдэг тэрэгнээс соёл иргэншилтэй холбоотой зарим зүйлс, тогоо хийж болох металл зэргийг олж, аав нь өөрийн гараар ахуйн хэрэгслээ урласан аж. Гэхдээ хүүдээ төдий л их зүйл ярьж өгөөгүй бололтой. Дайн үргэлжилж байгаа, гэртээ очвол үхнэ, хүмүүстэй уулзвал үхнэ гэдэг ойлголтыг л ягштал ойлгуулсан байж. Их зүйл ярихгүй байх шалтгаан ч байж. Эцэг нь Лангад эмэгтэй хүний тухай, ер нь эсрэг хүйстэн байдаг талаар нэг ч үг унагасангүй. Төрөлх зөнг нь сэрээчихнэ гэж айсан хэрэг. Түүний төлөвлөгөө ч бүрэн биелж Ланг ойд 41 жил амьдрахдаа эсрэг хүйстний талаар нэг ч удаа бодож байгаагүй төдийгүй бэлгийн дур хүсэл ч төрж байгаагүй ажээ.
Ланг ойд өнгөрүүлсэн жилүүддээ тавхан л удаа өөр хүн харсан гэдэг. Гэвч уулзах байтугай нэн даруй өөр газар рүү дүрвэн нүүдэг байжээ.
Соёл иргэншилд эргэж ирсэн нь
Лангийн эцэг америкчуудын довтолгооны үеэр гэр бүлийнхнээ бүгдийг алагдсан гэж бодсон нь алдаа байжээ. Хүүхдүүдээс нь Хо Ван Чи хэмээх хүү нь амьд гарч, аав, дүү хоёроо хайж байж. Тэрээр ширэнгэ ойд бусдаас нуугдаж амьдардаг нууцлаг хүн байдаг гэсэн аман яриаг сонсоод 2013 онд Куанг Нгай мужийн Ча Син тосгоны ойролцоох ууланд ирсэн аж. Энэ бол Лангуудын амьдарч байсан тэр уул байсан юм.
Тэрээр ширэнгэ ойгоор явсаар аав, ах хоёрыгоо олж уулзжээ. Тэр үед Лангийн амьдрал маш хүнд болоод байв. Хөгшин, өвчтэй эцгээ модноос уначих вий гэж санаа зовоод хол явж ангуучилж ч чадахаа болиод байв. Гол зайтай тул дуртай загасаа ч идэхээ байжээ. Хо Ван Чи анх таарснаасаа хойш байсгаад л ууланд ирдэг болж. Тэрээр аавыгаа гэртээ эргэж ир, эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэ хэмээн ятгах авч өвгөн түүнийг жинхэнэ хүү нь гэдэгт эргэлзэж, зөвшөөрөхгүй байсаар хэсэг хугацаа өнгөрсөн байна. Харин Ланг саналыг баяртай хүлээж авч, хөөрөн догдолж байв.
Тэрээр ахынхаа авчирсан хоол амтлагч, давс зэргийн ид шидийг үзээд тосгон руу хамт явахыг шууд л зөвшөөрсөн гэдэг. Ах нь тэдэн дээр автомашинаар ирэхэд Ланг нүдэндээ ч итгэхгүй байсан бөгөөд замын турш цонхоор харан гайхширч байлаа. Хүн болсоор тийм хурдыг үзээгүй болохоор арга байж уу.
Тосгонд очоод бүр ч сонин зүйл болов. Хүмүүс Лангийг эгээ л ховор сонин амьтан мэтээр шохоорхож байсан нь ихэд цочирдуулжээ. Ойд бол бүгд Лангаас айж, агнуулахгүйн тулд хөлийн хурдаар зугтдаг байсан учир арга ч үгүй биз. Ланг эмэгтэй хүнийг анх удаа хараад ялгаа нь юундаа байгааг огт анзаарахгүй байсан гэдэг. Орой нь цахилгаан гэрэл асаахад Лангийн гайхаш дахин нэг удаа барагджээ. Тэгээд аавынхаа ярианаас л мэдэх зурагт гэгчийг бас үзсэн байна.
Энэ түүхийг бидэнд хүргэсэн Испани жуулчин Альваро Серезог Лангуудын амьдардаг тосгонд очиход тэд хүний нийгэмд эргэж ирээд гурван жил болоод байв. Гэхдээ эцэг нь тосгонд амьдрах дургүй тул ширэнгэ ойгоо санаж тийшээ байнга яваастай. Харин Лангад тосгоны амьдрал таалагдах тул ахынхаа ажилд тусалж тариалангийн талбайд өнжинө.
2017 онд Лангийн талаар өгүүлсэн баримтат кино гарснаар “Вьетнам Тарзан” хоч нэрээр дэлхий дахинд алдаршжээ. Тэрхүү кинонд тэрээр ан хийж, түүнийгээ боловсруулан идэх зэргээр амьдарч байсан үйл явцаа харуулсан байдаг.
"Жинхэнэ Тарзан" хэмээн нэрлэгдсэн тэрбээр 2021 оны есдүгээр сард 52 насандаа элээгний хавдар өвчнөөр нас баржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна