Нүүрсний хулгайн таван зам буюу сонсгол шаардах шалтгаанууд

Х.Батсайхан
4 минутын өмнө

"Нүүрсний хулгайн" сонсгол явуулах эсэх асуудал сунжирсаар жилийнхээ ойн босгон дээр ирж байгаа энэ үед zuv.mn сонсголыг зайлшгүй явуулах шалтгааныг нэрлэж байна. Олон нийт энэ сонсгол болсноор хулгайч нарт хариуцлага тооцох боломж бүрдэнэ гэдэгт илүү ач холбогдол өгч байгаа. Энэ мэдээж, гэхдээ ард нь "Нүүрсний жагсаал"-ын үеэр үүссэн тэр их бухимдал, олон нийтийн анхаарал төвлөрсөнтэй холбоотойгоор цацагдсан худал, үнэн нь ялгагдахгүй мэдээлэл дунд нэр хавчуулагдаж хохирсон хүмүүс ч байгаа нь тодорхой. Энэ худал мэдээллийг сонгуулийн үеэр ашиглах нь ойлгомжтой тул наана нь асуудлыг цэгцэлж, цэвэр сонгууль явуулах нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. 

Түүнчлэн, Хөгжлийн банкны сонсголоос гарсан шиг, алдаагаа ойлгож авах явдал ч чухал гэж харж байна. 

“Нүүрсний хулгай”-г эсэргүүцсэн  иргэдийн жагсаал эрчимжих үеэр Ерөнхийлөгч УИХ-ыг тарааж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулан, 2023 онд ээлжит бус сонгууль явуулах санал гаргасан билээ. Тэрбээр ээлжит бус сонгуулийг Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа хийх санал дэвшүүлсэн. Эл санал  ҮАБЗ дээр санал нь дэмжигдээгүй, тэгсгээд энэ асуудал чимээгүй болсон юм. Гэхдээ иргэдийн эсэргүүцлийн жагсаал дууссан ч шаардлага нь хэвээрээ байна. 

Эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ “Одоо байгаа Парламентын гишүүдийн 50-иас дээш хувийг нь ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа” гэх барим, тавим яриа ч Нүүрсний сонсгол нэг талаараа улс төрийг доргиох хэмжээний донсолгоотой ч нөгөө талаараа сонсголын үр дүн, цаашлаад шүүхийн процесс зөв өрнөвөл улс орны хөгжлийн түлхүүр болж мэдэх ач холбогдолтой ажил болох нь гэж харагдаж байгаа юм.    

Хууль хяналтын байгууллага “Нүүрсний хулгай”-г таван арга замаар үйлдэгдсэн гэж үзэж буй. Тэдгээрээс Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй болон хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн асуудал нь бараг илэрчихсэн, зарлахгүй байна гэсэн хардлагыг дагуулж буй. Бид энэ удаа Нүүрсний хулгайн таван зам хийгээд, илэрсэн байх магадлалтай энэ асуудлыг онцлон хүргэж байна. Нүүрсний хулгайн эсрэг жагсаал ид өрнөж байхад холбогдох байгууллагын удирдлагууд БНХАУ-ын гаалийн байгууллагатай статистик тулгалт хийчихвэл л баримтууд баталгаажчихна хэмээж байсан билээ.  

“Нүүрс хулгайлагдсан” таван зам

Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн. Өөрөөр хэлбэл, орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй нөхцөл бий болсон. 

Офтэйк гэрээний асуудал. Энэ талаар одоо бүгд ойлголттой болсох байх. 

Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй болон хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн асуудал.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчлийн асуудал.

Офтэйк гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээ

Үүнээс хууль, хяналтын байгууллага хамгийн тодорхой баримт атгачихаад байгаа нь “Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй болон хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн” асуудал юм. Таван арга зам тус бүр дотроо задарч буй. Энэ хэрэг ч ижил,  

Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн /21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон/. 

Улсын хилээр нүүрс ачсан тээврийн хэрэгсэл “Хоосон” гэж бүртгэгдэж гарсан байж болзошгүй /Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай "Ачаагүй" гэсэн бүртгэлээр гарсан/. 

Улсын хилээр их хэмжээний нүүрс экспортын гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй /3758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн нүүрс экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй/ гэсэн гурван хэсэгт хуваагдаж буй. 

Тухайн үед Гаалийн дарга нарын өгч байсан мэдээллийг сануулья. 

Б.Сүхбаатар /ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын дарга/

Монголын Гаалийн байгууллага 2018 оноос хойш 12 удаагийн албан хүсэлтээр “Мэдээллээ гаргаж өгөөч ээ. Зөвхөн БНХАУ-ын талдаа импортолсон дүн мэдээ биш ээ. Яг танай хилээр Монгол улсаас нүүрс ачиж, эсвэл хоосон орж ирсэн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийн мэдээгээ өгөөч” гэсэн хүсэлтиийг тавьж байгаа.

/2021.XII.21. СТО, Нүүрсний хулгайн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдээлэл/

Э.Лхагвасүрэн  /ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга/

“Хоёр улсын гаалийн байгууллага Статистик тулгалт хийхээс өмнө зөрүүтэй байгаа бүрдүүлэлтээ солилцож, ямар, ямар төрлийн бараан дээр тулгалт хийхээ тохирдог. Бүгдийг нь шалгах боломж бололцоо хязгаарлагдмал байдаг гэсэн үг. Гэхдээ нүүрсний асуудал бол орох нь тодорхой”

/2021.XII.21. СТО, Нүүрсний хулгайн хэлэлцүүлгийн үеэр өгсөн мэдээлэл/

Гаалийн байгууллагуудын төлөөлөл биечлэн уулзаж, статистик тулгалт хийхэд саад болж байсан ганц шалтгаан болох цар тахлын хязгаарлалт өдгөө үгүй болсон. Тиймээс БНХАУ-ын талтай тулгасан бодит мэдээлэл Нүүрсний сонсголын үеэр дэлгэгдэнэ гэсэн хүлээлт байна.  

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 183.177.99.226
    2023/11/27

    Жинхэнэ Нүүрсний хулгайч этгээдүүд бол Өмнөговь аймгийн дарга нар УИХ гишүүн Д Батэрдэнэ МАН дарга Х Мандахбаяр Аймгийн Иргэдийн хурлын дарга Б Бадраа Аймгийн засаг дарга Сэддорж Бадраа бол 2009-2016 онуудад тус аймгийн засаг дарга байсан эдгээр этгээдүүд 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл гээд их л завгүй байгаа бололтой Б Бадраагийн хүүхдүүд аавынхаа Нүүрсний хулгай мөнгөөр гадаадад Казиноод тоглож мөнгийг баруун солгоогүй цацаж байгаа болотой шүү Өмөнговь аймгийн ард иргэд нь эдгээр хулгайч нартайгаа бүр эвлэрцэн сая Нүүрсний хулгайч дарга этгээдүүд нь Өмнөговийн иргэдэд Нүүрс тарааж зуух өгч бас иргэдээ Бээжин Манжуур үнэгүй аялуулж байгаа иргэд та бүхнийг нүүрс үуух өглөө бас үнэгүй аялууллаа хариуд нь Сэддорж Бадраа Батэрдэнэ Мандахбаяр гэсэн дарга нараа дэмжинэ шүү гээд сэвж явна билээ Үеийн үед Монголын төр Шүүх Өмнөговь аймгийн дарга нарын хараат болчихсон байгаа юм

    Хариулах