Дэлхийн улс орнууд 2024 оныг хэрхэн угтав

Х.Батсайхан
2024/01/01

Цагийн зөрүүнээс болоод дэлхийн улс орнууд ялгаатай цагт шинэ оноо угтдагийг уншигчид мэдэх биз ээ. Бөмбөрцгийн зүүн хагасын Тувалу, Шинэ Зеланд, Австрали, Японы зэрэг улс шинэ онтой хамгийн түрүүнд золгодог бол ОХУ зэрэг том газар нутагтай улсын мужуудад шинэ он 11 цагийн турш айлчилдаг байх юм. Баруун Европын улсуудад яг одоо баярын цэнгүүнд ид үргэлжилж байгаа бол Аргентин зэрэг улсууд баярын ширээгээ засаж ч амжаагүй байх жишээтэй. Бид та бүхэндээ шинэ оноо эхний ээлжинд угтаж авсан улсууд баяраа хэрхэн тэмдэглэснийг ВВС агентлагийн цуглуулсан гэрэл зургаар хүргэж байна.

1. Австраличууд хот хотдоо шинэ оноо угтдаг нь мэдээж ч Сидней хот, алдарт Дуурийн театрын орчимд он угтах нь гол үйл явдал гэж тооцогддог. Жил бүр он солигдох мөчид энд сүрлэг галын наадам болдог. Энэ жил тэгвэл Дуурийн театрын 50 жилийн ой давхацсан гээд илүү тансаг, нүсэр галын наадам болжээ.   

 2. Шинэ зеландчууд мөн газарзүйн байршлаасаа болоод шинэ оноо хамгийн түрүүнд угтдаг учиртай. Тэд шинэ оноо Окланд хотынхоо Sky Tower тэнгэр баганадсан цамхгаа бараадан галын наадам зохион байгуулж, нижгэр тэмдэглэжээ.

3. Токиочууд жилийн жилд шинэ оноо сайхан угтдаг уламжлалтай. Энэ жил иргэд бөмбөлөг хөөргөж, арай болоогүй ч гэсэн Дорнын тооллын луу жил ирж байна гэсэн агуулгаар баяраа тэмдэглэсэн байна. Япончууд юм болохоор, олон нийтийн арга хэмжээндээ техник технологийн ололтуудыг шингээдэг. Энэ жил ч галын наадмаас гадна лазерын шоу үзүүлжээ.

4. Токиогийн өмнөд хэсэгт орших Ёкосука хот мөн баяраа ёслол төгөлдөр тэмдээглэжээ.


5. Филиппиний нийслэл Манила хот шинэ оныг Макатид цугларч, галын шоугаар угтжээ.

6. Тайландын Бангкок хот. Мөн л сүрлэг галын наадам гол үйл явдал нь байв.   

7.Индонезийн Сурабая хотын оршин суугчид City Hall танхимын гадаа хүндэтгэлийн концерт үзэхээр сууцгааж байна. Энэ нь шинэ он угтах гол үйл явдлын нэг ажээ.

8. БНСУ-ын Сөүл хотод болсон шинэ оноо угтах арга хэмжээнд ихэвчлэн залуус цуглажээ.

9. Сингапурт шинэ он угтах мөчид болсон галын наадам Далайн буланг /Marina bay/ бүхэлд нь гэрэлтүүлжээ. 

10. БНХАУ-ын Бээжин хотын Шоуган цэцэрлэгт хүрээлэнд болсон шинэ жилийг угтах ёслолын үеэр жүжигчилсэн тоглолт зохион байгуулжээ. 

11. Хонконгчууд шинэ жилийн баяраа Виктория боомт дээр салют буудуулж угтав

12. Энэтхэгчүүдийн хувьд шинэ оноо нийслэл Делид байх "Энэтхэгийн хаалга"-ны ойролцоо угтахыг эрмэлздэг. Он солигдох мөчид тэр хавийн байдал гэрэл зурагт ингэж буужээ. 

13. Орос бол шинэ жилийн баярыг хамгийн гоё тэмдэглэдэг улсын нэг. Москва, Улаан талбай хэдхэн цагийн өмнө ийм байв. 

14. Турк улс, Истанбул хот, Таксим талбай, Иштикляль гудамж. Шинэ он айлчлахын өмнөхөн. 

15. Грек улс, Солоника хот. Шинэ оноо угтахаар уушийн газарт цагийг өнгөрөөж буй грекчүүд.

16. Испани, Мадрид. Пуэрта дель Соль талбайд шинэ оноо угтахаар ирсэн эр.

 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.