Монгол улс энэ жил хүүхэд хамгаалалд 8 тэрбум төгрөг зарцуулна

Х.Есү
2024/01/10

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат хийв. 

Ажлын хэсэг нэг суманд 3000, хороонд 5000 хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулах, кэйс менежмент гэдэг нэр томьёог Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Хэлний бодлогын үндэсний зөвлөлд хүсэлт илгээж албан бичгээр хариу авсны дүнд хэвээр үлдээх, мөн кэйс менежментийн эрсдэлийн менежментийг эрсдэлт нөхцөлийн зохицуулалт гэж оноохоор зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулсан байна. Түүнчлэн, анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч хуульд нийцүүлж дахин тодорхойлох шаардлага үүссэн тул “цахимаар дарамтлах” гэсэн тайлбарыг өөрчилсөн байна. Мөн, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрөөтэй саналуудтай холбогдуулан Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулжээ.

Хүүхэд хамгааллын зардлыг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тодорхой тайлбарлаж, нийт хүүхдүүдийн 1/3 нь нийгмийн халамж хамгаалал шаардлагатай айл өрхүүдэд өсөж байгаа гэж тооцох юм бол тийм нэг хүүхдэд 20 000 орчим төгрөгийн зардал ногдож байгаа талаар танилцуулсан юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүн бүгд өөр өөрийн ажилтай, өөр өөр байгууллагуудаас цалинждаг хүмүүс тул хүүхдийн асуудал хариуцсан орон тооны мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байгааг тэрбээр дурдав.

2024 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын зардлыг 8 тэрбум төгрөгөөр тусган, хамгаалах байрны зардлыг орон нутгийн төсөвт суулгажээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хүүхэд хамгааллын ажилтан бол албан тасалгаанд суудаг хүмүүс биш, байнга айл өрхөөрөө явж, судалгаа шинжилгээ, тандалтаа хийдэг, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгдөг байх ёстой тул ямар ч эрх мэдэлгүй, зардалгүй ажиллах боломжгүй гэлээ.

Байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллууд болон холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг дэмжих, эсэх асуудлаар санал хураалт явуулав. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Ажлын хэсгээс дахин боловсруулсан зарчмын зөрүүтэй санал болох “сумд 3 мянга хороонд 5 мянга хүртэлх хүн амд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан нэг байхаар тооцож ажиллуулна” гэсэн заалтыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Бусад зарчмын зөрүүтэй саналыг гишүүдийн олонх дэмжив.

Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Мөн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат эдгээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй хамтатгаж явуулах горимын санал гаргасныг гишүүд дэмжлээ.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн тус Байнгын хороогоор 2024 оны нэгдүгээр сард хэлэлцэх асуудлыг цаглаврын батлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна