Папарацци гэж хэн бэ

Х.Батсайхан
2024/01/26

-Ганцхан кадр түүхийг өөрчилнө-

Папарацци гэдэг бол алдартай хүмүүсийн бусдад харуулахыг хүсээгүй байдлыг зөвшөөрөлгүйгээр гэрэл зурагт буулгадаг хүмүүсийг нэрлэсэн өвөрмөц нэршил юм. “Тэд” буландаа бид энэ удаа Монголд төдийлөн хөгжиж чадахгүй байгаа, сэтгүүлзүйн салбарын чухал бүрэлдэхүүн хэсэг болох папараццигийн талаар хөндөхөөр бэлдлээ.

Хамгийн анхны папарацци хэн байсан бэ

Федерико Феллинийн “Амтлаг амьдрал” хэмээх кино 1960 онд дэлгэцэнд гарснаас хойш “Папарацци” гэдэг нэр томъёо үүссэн гэж үздэг. Энэхүү киноны гол дүрд гэрэл зурагчин мэргэжилтэй Папараццо гэдэг найз байсан бөгөөд үйл ажиллагааны арга хэлбэр нь одоогийн папарацци нарынхтай ижил байсан учир ингэж нэрлэх болсон гэнэ. Гэхдээ энэ бол нэршил үүссэн тухай асуудал юм. Тэгэхээр, папарацци гэж нэрлээд буй мэргэжилд тохирох анхны гэрэл зурагчин нь чухам хэн байсан юм бол оо.

Энэ хариултад хэд хэдэн таамаг бий. Эхнийх нь 1903 оны наймдугаар сард Оросын Хаант улсын Ариун ууланд орших гэгээн Пантелеймоновын сүмд болсон явдалтай холбоотой.    Энэ хийд долоо хоног бүрийн тодорхой өдрүүдэд хэрэгцээтэй мөргөлчдөд өглөг тараадаг уламжлалтай байжээ. Заримдаа энэ өглөгт 600-800 хүн ирдэг. Тэдний дунд үнэнч сүсэгтэн тэнүүлчдээс гадна муу хүмүүс ч ирдэг байж. Ариун уулын захиргаанд энэ үйлдэл таалагдаагүй тул Оросын хийдэд өглөг тараахыг хориглох шийдвэр гаргасан байна. Хамгийн сүүлийн өглөг 1903 оны наймдугаар сарын 21-нд болох байсан бөгөөд хийдийн лам нар гэрэл зургийн тусламжтайгаар энэхүү үйл явдлыг буулгахаар шийджээ. Гэрэл зураг авчихдаг Гаврийл гэгч ламд энэ үүрэг оногдож л дээ. Гэтэл маргааш нь түүний зурагт үлгэр домогт гардаг шиг гайхалтай бүсгүй өглөг авч байгаа байдал буусныг бүгд гайхан харсан гэх. Сүм байтугай Ариун уулын оройд эмэгтэй хүн гарахыг хориглодог, тухайн өдөр ч, ер урьд хожид ч эмэгтэй хүн сүмд орж байсан удаагүй тул сүсэгтнүүд гайхан мэлэрсэн гэдэг. Энэ түүхээс эхтэйгээр анхны папарацциг Гаврийл гэдэг лам байсан гэсэн таамаг байдаг аж. Гэхдээ энэ бол оросуудын таамаг. Барууныхны хувьд, Ром хотын Виа Венето гудамжинд явж буй урлагийн оддыг “ангуучилсан” Тацио Секкьяроли гэгч зурагчинг анхны папарацци гэж тооцдог.

Папарацци гэдэг үг ямар гаралтай болох нь ч маргаантай. Нэг хэсэг нь дээр дурдсанчлан нэгэн алдарт найруулагчийн кинонд гардаг үүссэн гэсэн тайлбар хэлдэг бол нөгөө хэсэг нь “Гэрт зөвшөөрөлгүй орж ирэгч” гэсэн утгатай итали үгнээс гаралтай гэсэн байр суурин дээр бат зогсдог. Гэхдээ нэр тийм ч чухал биш учир үндсэн сэдэв рүүгээ орьё.   

Сайн зураг л авч байвал мөнгө хайран биш

Папарацци зурагчдын баримталдаг гол зарчим бол хаана ч гараагүй, хүн бүр харахыг хүсэх тэр агшинг буулгах. Бизнесийн зарчим нь ч энэ. Сайн зураг л авч чадвал зардал төдий чухал биш байдаг. Жишээ нь, барууны нэгэн томоохон агентлаг 1994 онд нэрт зохиолч, Зөвлөлт засгийн үед тэрс үзэлтэн гэгдэж байсан А.Солженицыны Москва орчмын зуслангийн байрны зургийг авах захиалгыг папрацци Роман Падернид өгчээ. Зурагчин ажлаа бүтээхийн тулд нисдэг тэрэг хөлөглөж, хамт нисэн хэргээ бүтээсэн байна. Энэ бүхэнд “аймшигтай” зардал гарсан ч агентлагаас төлсөн мөнгө нь аймшгийг арилгахуйц бүр их хэмжээтэй байсан нь эрх баригчдааас айхдаа тэр ажлыг хийхээс татгалзсан ОХУ-ын бусад зурагчдын гайхширал, басхүү атаархлыг төрүүлсэн гэдэг. Тэгэхээр энэ мэргэжил зурагчнаас багагүй эр зориг, хөрөнгө мөнгө шаарддаг ажил гэдэг нь илэрхий.

Папарацци болох гэж буй залууст дараах зан чанар зайлшгүй бүрдсэн байх ёстой гэнэ. 

Нэгдүгээрт, мэргэжилдээ чин сэтгэлээсээ дуртай, одддын хувийн амьдралын нууцад нэвтрэх, болох гэж буй үйл явдлыг мэдрэх “анчны” мэдрэмжтэй байх. Сонирхуулахад, папарацци нарын ихэнх нь ядуу гэр бүлээс гаралтай байдаг гэнэ лээ. 

Хоёрдугаарт, авсан зургаа хангалттай үнэ хүргэн зарж чаддаг байх. Энэ бол бүр амин чухал чанар гэсэн шүү. Эхний чадварыг өөртөө цогцлоож, анхны папарацци хэмээн түүхэнд үлдсэн Тацио Секкьяроли мэргэжлээрээ овоо мөнгө олоогүй нь их мөнгө төлөх газар байгаагүйтэй шууд холбоотой. Харин 1970-аад онд дайн байлдаан бичсээр залхсан Америкийн хэвлэлүүд папарацци нарын зурагт их мөнгө төлж эхэлсэн нь энэ салбарыг жинхэнэ утгаараа хөгжих хөшүүрэг болж өгчээ. Тийм болохоор сайн зураг авч л чадвал одоо мөнгө төгрөгийн тал дээр санаа зоволтгүй болсон гэж хэлж болно. 

Гуравдугаарт, зохион байгуулах чадвар. Энэ салбарт хүч сорьдог мэргэжлийн зурагчид ерөнхийдөө папарацци болоход заавал мэргэжлийн зурагчин байх шаардлагагүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Мэдлэгтэй байхад л болно. Үлдсэнийг нь аппарат чинь хийчихнэ. Харин худалдан авагчидаас сонголт хийх, оддын талаар мэдээлэл цуглуулах, эх сурвалжаа олох, цалинжуулах зэрэг ажлыг зохицуулахад авьяас зайлшгүй хэрэг болдог байна.  

Дөрөвдүгээрт, папарацци хүнд “Бусдын хувийн нууц” гэсэн ойлголт байх ёсгүй. Аль болох гүнд ороод л дэлгээд байна гэсэн үг. За энэ чадвар бүгдийг цогцлоогоод алдартай хүний “алдаатай” зургийг олж дарлаа гэж бодоход зарах ажил үлдэнэ. Манайд харин худалдан авагч олох тал даар асуудал бий. Энэ салбар хүчээ авахгүй байгаагийн шалтгаан энэ ч байж мэднэ. Орост л гэхэд саяхнаас л гайгүй болж ирсэн гэж нэрт гэрэл зурагчин Владимир Сычев ярьж байна.

Земфира хэмээх алдартай дуучныг нөхөртэйгээ зодолдож байхад нь авсан зургаа зарж чадаагүй зурагчны түүх үүнийг батална. Гэтэл Монакогийн гүнж Стефаниг Лопес Перес гэгч хэрмэл жүжигчинтэй сүмд нууцаар гэрлэж байх агшинг буулгаж чадсан зурагчинд “Paris Match” сэтгүүл 100.000 евро төлсөн байх жишээтэй. Гэтэл энэ зургуудыг ОХУ-ын хэвлэлүүдэд нэг бүрийг нь 5000 еврогоор зарах санал тавихад авах хүн олдоогүй гэдэг. Учир нь баруунд оддын хувийн амьдралыг бүгд сонирхдог юм. Ийм нөхцөл одоо Монголд нэгэнт бий болсон тул хийх ажил их байна даа л гэж хэлэх гээд байна.

УИХ-ын гишүүдийг покердож байхыг нь олоод дарчихвал жилийн цалингаа олоод авлаа л гэсэн үг шүү дээ.

Алан Загнер гэгч эр Элизабет Тэйлорын хэвтэж байсан эмнэлгийн дээвэр дээр хэдэн цаг хэвтжээ. Эцэст нь байгаа онож, Э.Тэйлорыг носилкоор зөөлгөж байхыг буулгаж чадсан тэрбээр зургаа 100.000 еврогоор заржээ. Баруунд ер нь папараццийн авсан гэрэл зургууд 10 000 орчим еврогийн үнэлгээтэй байдаг. Сайн зураг 100 000, тэрнээс ч өндөр үнэ хүрнэ. Диана гүнжийг Доди аль Файедтай хамт байгаа зургийг анх авсан зурагчин 3.2 сая фунт олсон. Жаклин Кеннеди өөрийг нь байнга мөрдөөд байсан зурагчинг шүүхэд өгч шүүхээс зурагчинг гомдол гаргагчид 15 алхмаас илүү ойртохгүй байх шийдвэр гаргасан гэх мэт хөгжилтэй тохиолдол ч зөндөө. Эцэст нь, папарацци болохоор оролдоод үзье гэж шийдсэн залууст эхлээд Ж.Х.Чейзийн “Гэрэл зургийн сурвалжлагч Кэйд” хэмээн туужийг уншаад үзээрэй гэж зөвлөе. Папараццид түүхийг өөрчлөх ч боломж бий гэдгийг ойлгон, Кэйдийн гаргасан алдаанаас суралцаж чадвал таны ирээдүйд эргэлзэх юм алга.               



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.250
    2024/01/27

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

    Хариулах