Арилжааны баярууд, хөлд нь үрэгдэх ардууд

Х.Батсайхан
2024/02/14

Арилжааны телевиз, худалдааны байгууллага, төр засагтайгаа ээлжлээд иргэдийн ажлыг алах хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна уу даа гэсэн хар төрөөд байх болов. 

Арванхоёрдугаар сар дөхөв үү, үгүй юу "Шинэ жил ирлээ", он гарсны маргааш "Уламжлалт Цагаан сарын хэвийн боовоо үйлдвэрлэж эхэллээ", шинийн нэгний маргаашнаас "Монголчууд бид Валентины баярыг жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг заншилтай" гэж сурталчилахаар чинь дагахгүй гээд яах юм бэ.  

Тээр жил, хөлбөмбөг гэхээр үстэй толгой нь арзайдаг байсан нэг найз маань ДАШТ-ий тоглолт үзээд явж байхтай таарлаа. Тэгээд ихэд олзуурхан “Хөлбөмбөг үздэг болоо юу хө” гэж асуухад “Үгүй, гэхдээ телевизээр сурталчилсаар байгаад үзэхээс өөр аргагүй болгож байна шүү дээ” гэж хариулж билээ. Арилжааны телевизүүд иргэдээ хөлбөмбөг үзэж зөв боловсон амраг гэсэндээ бус, шар айрагны газруудын “Манайд ирж хөлбөмбөг үзэнгээ шар айргаа гүзээлээрэй” гэсэн сурталчилгааг л цацсан хэрэг. 

Харин төр өөрийнхөө ээлжинд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраараа дамжуулан бараг байгууллага бүрт “Цэвэр агаар, цэвэр спирт” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болсон. Төр засаг минь иргэддээ яасан ч хайртай юм бэ дээ. Иргэн хишиг олгох шийдвэр гаргаж, тэр мөнгөө үрэх шалтгуудыг нь өмнөөс нь бодож олоод л. 

Өгсөн мөнгийг бүгдийг нь шахуу архинаас өгч байгааг харсан атлаа болиулахын оронд харин ч улам их уу гэж байгаа юм шиг шинэ баяруудыг гаргаж ирнэ. Тэгээд “Архиа битгий уу, сүүгээ уу” гэж хэлсэн хүнийг “Ямар чиний мөнгөөр ууж байгаа биш, шоудлаа, хүний анхаарлыг татах гэлээ” гэж ад үзэхийг яана. Яг л “Хүргэн хүү” киноны хадам ээж өдөр шөнөгүй архи ууж явдаг залууг “Энэ муу Хайдав яах вэ дээ… Эцгийгээ дуурайсан наадамч, наргианч амьтан” гэж өмөөрдөг шиг. 

Төр засаг өнгөрсөн жилүүдэд тэмдэглээд заншчихсан Наадам, цагаан сар зэргээс гадна Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ой гэсэн хоёр баярыг ёслол төгөлдөр тэмдэглэхээр санаачилсан.

Хууль санаачлагчдад хандаж хэлэхэд тэртэй тэргүй ажил хийдэггүй юм чинь ер нь баярын өдрийн маргааш амардаг болбол яасан юм бэ. 

Эдгээр баяр дээр худалдааны байгууллагууд, арилжааны телевизүүдийн гаргаж ирсэн “Аавуудын баяр”, “Гэгээн Валентиний баяр”,  шинэ баярууд нэмэгдээд “хөдөлмөрчид” бүтэн жилийн турш л баярын наастртай явцгаасан. Ажлаа ч тэр хэрээр алдсан. 

Тэгвэл энэ жил ч гэсэн 1924 онд байгуулагдсан шинэ байгууллага бүхний ойг зарлан тунхаглаж шоудах нь.  Их сургуулийн оюутнууд гуравдугаар курсэд оруутаа “Дараа жил хонхны баяраа ингэж, тэгж тэмдэглэнэ” гэж ярьсаар хоёр жилийг авдаг шиг арванхоёрдугаар сар гаруут л нийтээрээ шинэ жил гэж хөөрцөглөн архидаад эхэлнэ. 

Энэ үед ажил хийнэ гэсэн ойлголт ерөнхийдөө үгүй болох ба эмэгтэйчүүд нь ямар даашинз өмсөх вэ, эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдийнхээ “захиалсан” даашинзыг авах гэж гүйсээр ажил бодохтой манатай. Энэ үед хэн ажил хий гэж шалахгүй, учир нь “Шинэ жил болох гээд байна шүү дээ”. Хагас сарын ажил цалгардуулдаг шинэ жилийн баяр өнгөрөв үү үгүй юу, нарийн боов хийдэг компаниуд бүтэн сарын ажил “алдаг” цагаан сарын догдлолыг эхлүүлнэ. 

Ай гэв үү үгүй юу “Шоколадны өргөтгөсөн худалдаа. Манай ард түмэн Гэгээн Валентний баярыг өргөнөөр тэмдэглэдэг уламжлалтай” гээд л эхэлж байгаа юм шүү дээ. “Мартын 8”-ыг ч ялгаагүй. Тэмдэглэхээс. Харин маргааш нь бүсгүйчүүдэд ажил хийнэ гэдэг л хэцүү болох байх даа. Хууль санаачлагчдад хандаж хэлэхэд тэртэй тэргүй ажил хийдэггүй юм чинь ер нь баярын өдрийн маргааш амардаг болбол яасан юм бэ.  Бүх баяраар хоёр хоног амарна, гоё биз дээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.93.25
    2024/02/14

    gadniihan manai bayriig bas temdegleed arhidaad bayarlaad baidag boluu bid l tedniig duuriagaad baidiimuu

    Хариулах