УОК өнөөдөр хуралдаж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлана

Х.Батсайхан
2024/02/15

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан билээ. 

Засгийн газрын дээрх шийдвэртэй холбоотойгоор Улсын онцгой комисс өнөөдөр хуралдахаар төлөвлөөд байна. Тус комиссын дарга, Шадар сайд С.Амарсайхан "Зуд нүүрлэснээс малчид өвс тэжээлээ татаж авах боломжгүй болсон. Зам даваа хаагдсан байгаа тул нээх арга хэмжээ авах, шар усны үерээс сэргийлэхийн тулд цасны хунгаруудаа арилгах, малын зүй бус хорогдлоос шалтгаалж малын гоц халдварт өвчин тархахаас сэргийлэх, малын вакцинжуулалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээ авна. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж зарим асуудлыг хэлэлцээд шаардлагатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэсэн юм.

Засгийн газрын өчигдрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шар усны үерт өртөж болзошгүй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөх, малчдад туслах аяныг аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага, гадаадын төсөл хөтөлбөртэй хамтран зохион байгуулж, олон нийтэд уриалга гаргах, малчдыг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон малчдын судалгааг гаргаж, малжуулах, нийгмийн хамгаалал болон халамжийн төсөл, хөтөлбөрүүдэд хамруулах, орон нутгийн төсвийн давсан орлогыг малчдад туслах арга хэмжээнд зарцуулах зэрэг ажлыг зохион байгуулахыг холбогдох хүмүүст даалгасан юм. Түүнчлэн, импортын зарим барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна