Маргааш орон даяар цаг агаар дулаарна. Нийт нутгаар агаарын хэм + градус руу орж, говийн аймгуудын нутгаар +9 хэм хүрэх магадлал байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлээд буй. Цаг агаар дулаарах нь дийлэнхдээ таатай үр дагавар авчирдаг. Тэгвэл энэ удаагийн дулаарал удаан үргэлжлэхгүй, хоёр хоногийн дараа огцом хүйтрэх төлөв бүрдсэн нь “Шилэн зуд” буюу “Төмөр зуд” болох нөхцөлийг бүрдүүлэх эрсдэл өндөр байна.
Шилэн зуд нь намар орой, өвлийн улиралд цаг агаар түр хугацаанд дулаарч, тогтсон цасыг хайлуулсны улмаас дараа нь хүйтрэхэд газрын гадарга дээр мөсөн давхарга тогтохыг хэлдэг байна. Ингэснээр мал өвсөө олж идэж чадахгүй өлдөж, улмаар олноороо хорогдох нөхцөл бүрддэг ажээ.
Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цас тогтжээ.
Зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.
Хаврын тарчиг цагт өлдсөн мал нэг дор орчихвол сэхэл авахгүй байх магадлал өндөр байдаг тул богино хугацаанд асар олон тоо толгойгоор хорогддог онцлогтой. Хэрвээ түр зуурын дулааралт төмөр зудтай нутгийн хэмжээг огцом тэлбэл, улс орны хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ноцтой аюул нүүрлэхэд ойрхон байна.
Засгийн газраас өгсөн үүргийн дагуу УОК өнөөдөр Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж байна. Гэхдээ, юмыг яаж мэдэх вэ, шаардлага гарвал малчдад туслах бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхэд ч бэлэн байх хэрэгтэй болов уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна