Д.Амарбаясгалан: Өвс тэжээлийг нэн хүнд байгаа малчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тараана

Zuv.mn
2024/02/18

Орон нутагт цас зудтай байгаа энэ үед Засгийн газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаан хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласан. Пүрэв гаригт УОК-ын хурал хуралдаж, улсын нөөцөөс өвс, тэжээлийг үнэ төлбөргүйгээр малчдад тэр дундаа нөхцөл байдал нь нэн хүндэрсэн байгаа малчдад эхний ээлжинд тараах ажлыг зохион байгуулах шийдвэр гарсан.

 Монгол Улсын Засгийн газар гурван үе шаттай арга хэмжээг энэ хаврын хүндрэлтэй холбогдуулж авна аа гэж тооцож байна.

 Нэгдүгээрт, улсын нөөцөд 6000 орчим тонн өвс тэжээл, орон нутгийн нөөцөд байгаа 20000 орчим тонн өвс тэжээлийг нэн хүндэрсэн байгаа сум багийн малчдад шууд газар дээр нь хүргэж өгөх, хүртээмжтэй байлгах бодлогыг нэгдүгээрт нь баримталж ажиллана. 

Хоёрдугаарт нь хоёрдугаар ээлж буюу 14-21 хоногийн дараа нийт малчин өрхөд хүчит тэжээл буудай, тэжээлийн будаа хүргэж өгөх ажлыг зохион байгуулна. Түүнийг орон нутгийн давсан орлого, улсын нөөцөөс хөрөнгийг нь гаргах зохицуулалт хийж, малчид хүндрэлийг давна. 

Ингээд гуравдугаар сарын нөхцөл байдалтай уялдуулаад гуравдахь ээлжийн арга хэмжээг 3 сарын сүүл, 4 сарын эхээр авч хэрэгжүүлэх боломжтой бэлтгэлийг Засгийн газраас бэлтгэж, хангаж ажиллана.

Гуравдугаар ээлжинд малчдын хэрэгцээ шаардлагад нь нийцсэн тэжээл, будаа зэргээр хангах ажлыг зохион байгуулж ажиллана. 

Энэ өвөл 30 жилийн дараа орж байгаа их хэмжээний тунадас бууж байна гэдгээрээ онцлогтой. Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь нь цасан бүрхүүлтэй байна. 

Зарим аймгууд мөсөн зуд хүндэрсэн байдалтай байгааг Монголын ард түмэн мэдэж байгаа. Ингээд Засгийн газраас өөрт байгаа бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна