Нутгийн баруун хэсгээр маргаашнаас цас үргэлжлэн орж, шуургатай байна гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
Нөгөөдөр буюу энэ сарын 22-нд баруун болон төвийн аймгууд, 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд Хангай, Хэнтийн уулсаар цас орно.
Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, маргааш Алтайн уулархаг нутгаар 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -43-48, өдөртөө -29-34 градус хүйтэн байна.
Энэ өвөл Монгол оронд сүүлийн 49 жил ажиглагдаагүй их цастай байгаа бөгөөд 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ороогүй хэмжээний их хур тунадастай байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгаар дунджаар 8.5 мм оржээ. Энэ нь олон жилийн дунджаас 1.4 дахин их байсан. Гэтэл энэ жилийн хувьд 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6 дахин их байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна