ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад яригдаж буй Андрей Белоусов гэж хэн бэ

Zuv.mn
2024/05/13

ОХУ сүүлийн 12 жил анх удаа Батлан хамгаалахын сайдаа солих болсон талаар манай сайт мэдээлсэн билээ. Тэгвэл одоо С.Шойгугийн оронд уг албан тушаалд очихоор яригдаж буй Андрей Белоусовын талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

2020 оноос хойш бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан Ерөнхий сайд Михайл Мишустины танхим Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон В.Путиныг тангаргаа өргөсөн тавдугаар сарын 7-ны өдөр Үндсэн хуулийн дагуу бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Улмаар Думаас Михайл Мишустиныг шинэ Засгийн газрын тэргүүнээр улираах санал гаргаж, В.Путин дэмжсэн юм. Ингэснээр Михайл Мишустин танхимаа шинээр бүрдүүлэх шаардлага тулгарсан бөгөөд өмнөх танхимаас өөрчлөлт орж байгаа салбар нь Батлан хамгаалах салбар болж буй аж. Харин С.Шойгу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болжээ.

Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов гэж хэн бэ

ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, цэргийн мэргэжилтэн, эдийн засгийн ухааны судлаач эрдэмтэн Андрей Белоусов 1959 оны гуравдугаар сарын 17-нд Москва хотноо эдийн засагч Рэм Белоусов, радио химич Алиса Павловна Белоусова нарын хүү болж мэндэлжээ.
1981 онд М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн Эдийн засгийн факультетийг төгссөн байна. Тэрээр армид алба хаагаагүй.

1980-аад оны дундаас 2000-аад он хүртэл ШУА-ийн Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг урьдчилан таамаглах хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаас лабораторийн эрхлэгч хүртэл дэвшиж ажилласан байна. 

2000-2006 онд Макро эдийн засаг, богино хугацааны төлөвлөлтийн төвийн дарга болж, тухайн жилүүддээ мэргэжлийнхээ дагуу Ерөнхий сайдад зөвлөсөн аж. 2012 онд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдож, нэг жил ажиллажээ. 

Улмаар 2013 оноос ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах болж, 2020 он хүртэл ажиллаад Ерөнхий сайдын нэгдүгээр орлогчоор томилогдсон байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 19 хүртэл буюу Михайл Мишустиныг ковид 19 цар тахлаар өвдсөн үед Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна