Украины арми өчигдөр буюу ням гарагийн өглөө ОХУ-ын Москва муж руу олон тооны дроноор зэрэг довтолжээ. Нийслэл орчмын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем 34 дроныг замд нь усгасан ч зарим нь байндаа хүрч, хохирол учруулсан талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.
Тодруулбал, Становое Раменский тосгонд гурван хүн гэмтэж, нэг нь түлэгдсэн шархтай эмнэлэгт эмчлүүлж байгаа бол Жуково тосгонд өөр хоёр хүн гэмтжээ. Становое Раменски тосгонд хувийн байшин бүрэн шатсан бол хөрш Софиньо, Жуково тосгонд автомашин, Синьково тосгонд автомашины гарааш шатсан байна.
Украины армийн довтолгоо ОХУ-ын хил орчмын сууринг онилж байсан бол Курск, Брянскийг онилж, эдүгээ Москва муж руу хүрээд байна.
ОХУ-ын Суджа хотоос дайны нөхцөл байдлын улмаас дүрвэсэн иргэд өчигдөр Курск хотын төв талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хил орчмын бас нэгэн хот Большесолдатскийн оршин суугчид мөн газарт эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж. Жагсаагчид эрх баригчдаас хил орчмын нутагт дайн болж байгааг хүлээн зөвшөөрч, тэдгээр бүс нутгаас энгийн иргэдийг нүүргэн шилжүүлэхийг шаарджээ. Харин мужийн эрх баригчид жагсаалыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлж байгаа юм..
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна