Уур амьсгалын дүрвэгсэд хаашаа нүүдэллэх вэ

Zuv.mn
2024/11/11

Дэлхийн дулаарлаас болж хэдхэн жилийн дараа арлууд живж, улмаар хоёр дахь “Дүрвэгчдийн хямрал” эхэлнэ гэсэн таамаглалыг эрдэмтэд хийх болсон билээ. Өөрөөр хэлбэл, дүрвэгчид нь уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчид байх болно гэсэн үг. Тэгвэл тэдгээр дүрвэгчид хаашаа очих вэ. Европын холбоо Ойрхи Дорнодод дайны гал ноцоож, өрдсөнийхөө хариуцлагыг хүлээж байгаа шиг ёс зүй тэр үед байх болов уу. Тодруулбал, арлын улсуудын дүрвэгчид хүлэмжийн хий хамгийн ихээр ялгаруулдаг АНУ, БНХАУ, Европын холбооны улсуудад суурьшиж чадах уу. АНУ, Канадын хэсэг эрдэмтэд энэ асуултад хариулт өгөх зорилгоор нэгэн сонирхолтой судалгаа хийснээ “Science” сэтгүүлд нийтлүүлжээ.

Түүнд өгүүлснээр, эх газрын Канад, ОХУ-ын Сибирь нь ирээдүйд бий болох “уур амьсгалын дүрвэгчид”-ийг суурьшуулах хамгийн боломжтой газар аж. Эрдэмтэд дээрх бүс нутагт бараг тэрбум хүн суурьших боломжтой гэж тооцсон байна. Шилжилт хөдөлгөөн хүн төрөлхтнөөс гадна амьтдыг ч тойрохгүй бөгөөд тайга нь ирээдүйд олон шинэ амьтдын орон гэр нь болох гэнэ. Үүний хүчээр ертөнцийн хойд хагасын биомасс үлэмж нэмэгдэх үр дагавар бий болох ажээ.

Уур амьсгалын дүрвэгчид хаачих вэ

2060-2070 оны үед хойд өргөргийн 49 градуст уур амьсгал илүү зөөлөн, дулаан болж өөрчлөгдөх гэнэ. Харин өмнөд хагаст уур амьсгал одоогийнхоос ч илүү хатуу ширүүн, халуун болох ажээ. Энэ нь ургамлын аймгийг устаж, амьтад умар зүг нүүн шилжих шалтгаан болох юм байна.

Эрдэмтэд судалгаагаа хийхийн тулд Канад улсад Испанийн газар нутагтай тэнцэхүйц газар нутгийг хамарсан ойгоос 26 000 гаруй модыг сонгон уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэг чанарыг нь судалсан байна. Тайгад ургадаг хар гацуур (Picea mariana) нь уур амьсгалын өөрчлөлтөд маш тэсвэртэй байж, тухайн үеийнхээ хаан ургамал нь байх болно гэдэг таамгийг эрдэмтэд хийжээ.     

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст оршдог тайга нь дэлхий дээрх бүх ойн 30 хувийг эзэлдэг бөгөөд органик нүүрс төрөгчийн 20 хувийг агуулдаг юм. ийм загварын ой нь Канад, Финлянд, Скандинавийн хойг болон ОХУ-ын Сибирьт ургадаг юм.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна