Монголчуудыг амарж байх хоёр хоногт дэлхийн геодолитикийн нөхцөл байдалд маш том нөлөө үзүүлэх чухал үйл явдал боллоо. Зэвсэгт тэмцэл эхлүүлж, Алеппо хотыг эзлээд байсан тус улсын сөрөг хүчин ням гарагийн үүрээр нийслэл Дамаскийг агаараас хүчтэй бөмбөгдөж, өглөө нь үндэсний телевизийн эфирээр Башар Асадын дэглэм нурсан талаар мэдэгдэл хийжээ.
Одоогоор юу мэдэгдэж байна вэ
-Босогчид Хомс хотыг эзэлснийхээ дараа Дамаскийг эзлэх ажиллагаа эхлүүлсэн. Энэ үед Сирийн Ерөнхий сайд мэдэгдэл хийж, Засгийн эрхийг шилжүүлж өгөхөд бэлэн гэдгээ зарласан гэнэ.
-Ерөнхийлөгчийн Засаг захиргаа харин Башар Асад эх орноо орхисон гэдгийг эцсийн мөч хүртэл үгүйсгэж байна аж.
-Башар Асад Дамаскаас зугтахдаа хүлээж авахыг хүсэн хэд, хэдэн улс руу хандсан ч татгалзсан хариу авчээ. Татгалзсан улсуудын дотор ОХУ байсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс Африкийн аль нэг улс руу зүглэсэн байх магадлалтай гэнэ.
-Башар Асадын байгаа газар одоогоор тодорхойгүй. Гэхдээ олон хэвлэлд түүнийг Сирийг орхин гарах үедээ онгоцны ослоор амиа алдсан байх магадлалтай талаар бичиж байна. Түүний сууж явсан онгоц радараас учир битүүлгээр алга болсон. Транспондерыг унтраасан байх боломжтой ч сүйрсэн гэдэг нь илүү үнэмжилтэй гэж эх сурвалжуудын нэг хэлжээ.
Харин “Flightradar” үйлчилгээний өгсөн мэдээллээр, Башар Асадын сууж явсан байх магадлалтай гэх “Syrian Air” компанийн эзэмшлийн Ил-76 онгоц нь маш хуучирсан, транспондерын ажиллагаа нь доголддог, сул учир сүйрсэн гэдэг мэдээлэл баталгаатай бус аж. Онгоц GPS ажилладаггүй бүсэд нисэж явсан нь ийм мэдэгдэл хийхэд мөн нөлөөлсөн байна.
-Башар Асадын гол холбоотон ОХУ-ын Гадаад харилцааны яам албан ёсны мэдэгдэл гаргаж, Башар Асадын дэглэм нурсан гэдгийг нотолсон. Мэдэгдэлд “Башар Асад босогчидтой хэлэлцээр хийж, төрийн эрхийг энхийн замаар шилжүүлж өгөхөөр тохиролцоонд хүрсэн байсан” гэж дурдсан байх бөгөөд “Энэ хэлэлцээрт ОХУ ямар нэгэн байдлаар оролцоогүй” гэж тодотгосон байв.
Түүнчлэн, Дипломат төлөөлөгчийн газраас талуудад хандаж, үүсээд буй асуудлыг НҮБ-ын 2254 дүгээр тогтоолын дагуу улс төрийн арга замаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гарахыг уриалжээ.
-Сирид ОХУ-ын Тэнгисийн цэргийн бааз байдаг. ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд Тартус бааз байлдааны бэлэн байдалд байгаа гэж дурдсан ч одоогоор аюулгүй байдалд ноцтой заналхийлэл үгүй байгааг онцолжээ. Түүнчлэн Сирид байгаа ОХУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар боломжтой бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж дурдсан байна.
-Башар Асадын дэглэмийн эсрэг зэвсэгт бослого гаргасан гол хүч нь “Хайят Тахрир аш-Шам” хэмээх бүлэглэл юм байна. Бүлэглэлийн гол зорилго Башар Асадын дэглэмийг түлхэх унагах явдал аж.
-Хайят Тахрир аш-Шам бүлэглэл төрийн эрхийг аваад Башар Асадын дэглэмийн дайсан гэгдэн яллагдсан хоригдлуудыг сулласан. Нийт 30,000 гаруй хоригдол суллагдсан гэсэн мэдээлэл байна.
-Сөрөг хүчнийхэн хотыг авсны дараа Башар Асадын ордон халдлагад өртжээ. Хүмүүс ордонд чөлөөтэй нэвтэрч, дааж чадах хэрээрээ хулгайлж байжээ.
-Энэ мэтээр эмх замбараагүй байдал газар авах шинжтэй байсан тул сөрөг хүчнийхэн өдрийн 16.00 цагаас эхлэн даваа гарагийн 05.00 цаг хүртэл хөл хорио тогтоосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна