Башар Асадыг унагасан Ахмед аль Шараа хэвлэлд анх удаа ярилцлага өглөө

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

Башар Асадын дэглэмийг түлхэн унагасан бослогыг удирдсан Ахмед аль Шараа ВВС агентлагт ярилцлага өгчээ.

Ярилцлагадаа тэрбээр Сири улс иргэний дайны хөлд нэрвэгдэж хэтэрхий сульдсан тул хөрш орнууд болон барууны орнуудад ямар ч аюул занал учруулахгүй гэдгийг онцолсон байна.  

Мөн “Одоо Башар Асад нэгэт унасан тул түүний дэглэмийн үед тавигдсан хоригууд цуцлагдах ёстой. Хохирогч дарлагч хоёрт адилхан хандаж болохгүй” гэжээ.

Ахмед Шараа Башар аль-Асадын дэглэмийг түлхэн унагасан бослогыг хийсэн Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэлийн удирдагч бөгөөд өмнө нь Абу Мохаммед аль-Жулани хэмээх нэрээрээ танигдсан хүн юм.

Энэ бүлэглэл нь “Аль Каида”-гаас салаалсан шинжтэй тул барууны орнууд төдийгүй ОХУ хүртэл алан хядах бүлэглэлд тооцдог юм.

Ахмед Шараа энэ талаар “Хаят Тахрир аль-Шам (HTS) бүлэглэлийг алан хядах байгууллагын жагсаалтаас хасах ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн байна. "Бид байлдааны ажиллагаа явуулахдаа энгийн номхон иргэд оршин суудаг байршлуудыг хөндөөгүй. Бид алан хядагч бүлэглэл биш. Улс орноо Афгнистаны араас оруулахгүй. 

Сири бол Афганистанаас өөр. Бид Идлиб хотыг найман жил гаруй хянах хугацаандаа их, дээд сургуультай болгосон. Тэнд суралцагсдын 60 орчим хувь нь эмэгтэйчүүд байгаа байх" гэж тэрбээр ярьжээ. 

Лалын ертөнцөд архи, согтууруулах ундааг хатуу хориглодог. Энэ асуудалд ямар байр суурь баримтлахыг нь асуухад "Хууль, эрхзүйн хязгаарлалын үүднээс энд ярьж болохгүй олон зүйл байгаа" гэж онцолсон байна. Тэрбээр Үндсэн хуулийг дахин боловсруулах хороо байгуулсан бөгөөд тэд Сири чухам ямар улс олохыг шийднэ. Ерөнхийлөгч, өөр хэн ч бай Үндсэн хуульд захирагдана гэж тэрбээр хэлжээ. 

Аль Шараа ярилцлага өгөхдөө энгийн хувцас өмссөн байсан бөгөөд ВВС мэдээлэлдээ энэ талаар "Тэрээр ярицлагаараа ард иргэдийг тайвшруулах, итгэл өгөхийг хичээж байв. Гэхдээ Сирийн олон иргэн түүний үгэнд итгэхгүй байна" гэсэн тайлбар нэмжээ. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна