Зул сарын баярын гол утга учир нь гэр бүл, уучлал, эвлэрэл байдаг

Zuv.mn
12 цаг 26 минутын өмнө

Христийн шашинтнуудын хувьд хамгийн том хүндэтгэлийн өдөр болох “Зул сарын баяр” өнөөдөр тохиож байна. Христэд итгэгчид энэ өдөр Ертөнцийн эзний хүү Есүс мэндэлсэн гэж үздэг юм. Хирстийн шашин төдий л дэлгэрээгүй байх үед монголчууд энэ баярыг шинэ жилийн баяр, заавал сүлд мод засч тэмдэглэдэг гэж ойлгодог байсан. Үнэндээ бол сүлд модондоо ч биш, гэр бүл, хайртай дотнын хүмүүстэйгээ хамт байхад гол утга учир нь оршдог юм байна.    

Эдүгээ дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа он тоолол Христ мэндэлснээс эхлэлтэй. Энэ утгаараа “Зул сар” нь хүн төрөлхтний хамгийн эртний баярын нэг юм. 

Зул сарын баяр 12 хоног буюу нэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилдэг. Эдгээр өдрүүдэд ойр дотны хамаатан садныдаа зочлон очдог байна. Энэ талаараа манай Цагаан сарын баяртай төстэй. Энэхүү баярын өдөр мөн хэн нэгнийг гомдоосон бол уучлалт гуйж, гомдсон нь бусдыгаа уучлан эвлэрдэг уламжлалтай. Хоорондоо зэвсэг барин тэмцэж байсан Их Британи, Германы арми Зул сарын баярын өдөр гал зогсоон эвлэрч байсан хачирхалтай тохиолдол ч бий. Түүхэнд “Зул сарын эвлэрэл” хэмээн бичигдсэн энэ үйл явдал 1914 онд болсон юм.  

"Зул сарын баяр" дайснуудыг ч эвлэрүүлэх хүчтэй

1914 оны 12 сарын 24-ны Зул сарын баярын үдэш Англи, Герман буюу дайтагч талуудын нийт 100 000 орчим цэргүүд түр эвлэрч хоёр өдөр хамтарч Зул сарын баярыг тэмдэглэжээ. (Герман. Weihnachtsfrieden; Англ.Christmas truce) Тэр үеэр Германы цэргүүд нуувчиндаа сүлд мод чимэглэж лаа асааж Зул сарын ёслолын дуу дуулахад Английн цэргүүд баярынхаа дууг дуулж эсрэг талын цэргүүд нэг нэгэнтэйгээ мэндчилж бэлэг солилцож эхэлжээ. 

Хоорондоо байлдаж байсан цэргүүд нэг нэгэндээ тамхи, хүнс, архи зэргийг бэлэглэж зарим газар цэргүүд хоорондоо хөл бөмбөг хүртэл тоглож байжээ. Фронтын завсрын бүсэд тэр орой гал бүрэн зогсч 30 км гаруй фронтын зурваст Зул сарын баярыг өмнөх өдөр нь хоорондоо дайтсан цэргүүд хамтарч тэмдэглэсэн юм.

1914 оны залуус хувцасны товч цуглуулдаг, нэг, нэгэнтэйгээ солилцдог хоббитой байжээ. Эвлэрэлийн өдөр хоёр талын цэргүүд нэг нэгэнтэйгээ хувцасныхаа товчыг солилцож, нэгэн үсчин герман цэрэг англи цэргийн үсийг засч өгч, фронтын завсрын бүсэд хаягдсан амь үрэгдсэн цэргийн цогцсуудыг талууд хамтарч оршуулж маш онцгой үйл явдал болжээ.

"Зул сарын баяр" дайснуудыг ч эвлэрүүлэх хүчтэй

2014 оны 12 сард Их Британы армийн хөлбөмбөгийн баг Германы армийн хөлбөмбөгийн багтай нөхөрсөг тоглолт хийж Зул сарын баярын хөлбөмбөгийн тоглолтын 100 жилийн ойг тэмдэглэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна