СИРИ: Бослогод оролцсон зэвсэгт бүлэглэлүүд татан буугдаж, Батлан хамгаалах яамандаа нэгдлээ

Х.Батсайхан
12 цаг 16 минутын өмнө

Башар Асадын дэглэмийг татан унагахад оролцсон Сирийн зэвсэгт бүлэглэлүүд өөрсдийгөө татан буулгаж, Сирийн шилжилтийн Засгийн газрын Батлан хамгаалах яаманд нэгдэхээр болжээ. Бослогод гол хүч болж орсон Хайят Тахрир аль Шам бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шараа (Абу Мухаммед аль-Жулани) зэвсэгт бүлэглэлийн толгойлогчидтой хэлэлцээр хийсний эцэст дээрх шийдвэрт хүрсэн байна.

Тэрбээр өмнө нь бослогод оролцсон бүх зэвсэгт бүлэглэл зөвхөн Сирийн Батлан хамгаалах яамны хяналт дор л үйл ажиллагаа явуулах боломжтой гэж мэдэгдэж байсан бөгөөд Курдын зэвсэгт бүлэглэлээс бусадтай нь ийнхүү тохиролцоонд хүрч, зэвсэгт бүлэглэлүүдийг хяналтдаа авч чадлаа.

Ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл Сирийг удирдах Шилжилтийн Засгийн газрын Батлан хамгаалах яамыг Хайят Тахрир аль Шам бүлэглэлийн цэргийн жигүүрийн командлагч байсан Мурхаф Абу Касра (Абу аль-Хасан аль-Хамави нэрээр алдаршсан) тэргүүлэх юм байна.

Сирийн Идлиб мужийг хянаж байсан “Хайят Тахрир аль Шам” тэргүүтэй зэвсэгт бүлэглэлүүд өнгөрсөн сарын 27-ноос давшилтад орж, энэ сарын 8-ны өдөр Дамскийг эзэлж авсан юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна