Ким Сэ Роны үхэл: Солонгосчууд хүйсийн ялгавартай “Cancel culture”-ийг эсэргүүцэж байна

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 30 минут

БНСУ хууль зөрчсөн, ёс зүйн хэм хэмжээ зөрчиж алдаа гаргасан одуудад хатуу ханддагаараа алдартай. Алдаа гаргасан алдартнуудыг салбараас нь арчиж хаях үр дагавартай “Cancel culture” гэх соёлыг сайтар хэвшүүлсэн гэдгийг нь монголчууд ч дуурайхыг оролдож байгаа нь нууц биш. Тэгвэл залуу жүжигчин Ким Сэ Роны амиа хорлосон золгүй үхэл солонгосчуудын дунд өргөн хүрээтэй хэлэлцүүлгийн сэдэв болжээ.

Тэд “Cancel culture”-ийг үгүйсгээгүй ч нэгд, хүн болгоны гаргадаг багахан алдааг хэтэрхий дөвийлгөдөг, хоёрт, адилхан алдаа гаргасан эрэгтэй, эмэгтэй одуудад ялгавартай байдлаар ханддаг байдлыг шүүмжилж байна. 

Ким Сэ Роны хувьд энэ жил дөнгөж 24 настай байсан бөгөөд 2022 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдсаны улмаас “Cancel culture”-т өртөж, түүнээс хойш салбараасаа гараад буцаж орж чадахгүй байсан нэгэн аж. 

Нетизен буюу цахим орчны хэрэглэгчид ням гарагаас хойш “Бид яагаад алдаа гаргасан эмэгтэй одуудад илүү хатуу хандаж байна вэ”, “Ким Сэ Рон алдаа гаргаагүй гэсэн үг биш, гэхдээ хэт удаан хугацаанд дарамтад байлгасны улмаас амиа хорлочихлоо”, “Зөвхөн эмэгтэй хүнээс нэхдэг ёс суртахууны өндөр хэм хэмжээ түүнийг үхэлд хүргэлээ”, “Ким Сэ Рон шиг согтуугаар машин жолоодсон битгий хэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, хар тамхи хэрэглэсэн эрэгтэй одууд юу ч болоогүй мэт ажлаа хийсээр байна шүү дээ” гэх зэргээр бичсэн байна.


Ким Сэ Роны хувьд 2022 оны тавдугаар сард согтуугаар жолоо барьсан хэргээр ял сонссон ч 20 сая вон буюу 15,000 ам.долларын торгууль төлж хоригдох шийтгэлээс мултарсан юм байна. Энэ нь хүний мууд дуртай хүмүүсийн амны зугаа болж, муулсаар салбартаа багтаж шингэхээргүй болгож орхижээ. 

Тэрээр нэрээ Ким А Им болгон сольж, салбартаа эргэн орохыг оролдсон бүтэлгүйтэж, бүр ихээр доромжлуулах болоод байжээ. Санхүүгийн хүндрэлд орсон тэрээр кафед цагийн ажил хийж амьжиргаагаа залгуулахыг оролдох бүрт Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бах таваа хангасан мэдээ, мэдээлэл бэлтгэж, иргэд “Ким Сэ Рон согтуугаар машин жолоодож яваад баригдсан”, “Ичгүүргүй амьтан” гэх мэтээр хашхиран доромжилдог байжээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.