ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров АНУ-ын төлөөлөгчидтэй энэ долоо хоногт уулзаж, дипломат харилцаагаа сэргээх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж мэдэгдсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэр уулзалт нь өнөөдөр Туркийн Истанбулд болохоор товлогджээ.
С.Лавровын хэлснээр, ОХУ-тай үүсгэсэн асуудал нь АНУ-ын өмнөх засаг захиргаа буюу Жо Байден, Ардчилсан намын бодлоготой холбоотой байсан. Өдгөө Д.Трамп Ерөнхийлөгч болж, БНН гарч ирснээр нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэж аван сайтар судалж шийдвэр гаргах нь уулзалтын гол зорилго юм. Магадгүй, уулзалт нэгээр тогтохгүй байж болох ч Саудын Арабт болсон анхны уулзалтаас хойш хоёр улсын харилцаа өмнөхөөс эрс дээрдэх хүлээлтийг үүсгээд байгаа юм.
Өнөөдрийн уулзалтын тухайд, зөвхөн бодлогын асуудал ярьж, цаашдын шийдлээ тодорхойлохыг оролдох бөгөөд ингэсэн тохиолдолд дараа, дараагийн асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Тодруулбал, Истанбулд Украины дайн, АНУ дахь ОХУ-ын хөрөнгийг царцаасан гэх мэт асуудлууд огт хөндөгдөхгүй гэдгийг Кремлиэс гаргасан албан ёсны мэдээлэлд онцолсон байна.
Уулзалтыг зохион байгуулж буй Туркийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ончу Кечели Анкара энх тайвны төлөөх хүчин чармайлтыг дэмжиж, энэ талын яриа хэлэлцээг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна