1948 онд явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль тус улсын түүхэнд хамгийн шуугиантайд тооцогддог.
Ингэж тооцогдох болсон шалтгаан нь дээрх гэрэл зураг. Ер нь, гэрэл зураг биш, Харри Трумэний барьчихсан байгаа сонин нь гэж хэлбэл илүү тохирох юм байна. Энэ гэрэл зураг сэтгүүлзүйн түүхэнд нэгэн сургамжийг үлдээж, энэ салбарын төлөвшилд онцгой үүрэг гүйцэтгэсэн байдаг юм.
1948 онд болсон АНУ ын Ерөнхийлөгчийн сонгуульд дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Харри Трумэн Томас Дьюи гэгчтэй тунан өрсөлджээ. Сонгуулийн кампанит ажлын туршид мэргэжилтнүүд, ажиглагчид, ард иргэд бүгд Т.Дьюиг ялна гэдэгт бат итгэлтэй байлаа. Санал асуулгын дүн ч энэ үр дүнг баталж, ер нь л АНУ -ын дараагийн Ерөнхийлөгч нь Т.Дьюи гэсэн ойлголт бат суусан байсан гэдэг.
Нөхцөл байдал ийм байх үед Иллинойс мужийн “Chicago Tribune” сонин сонгуулийн дүн гарах өдрийн дугаартаа “Dewey defeats Truman” буюу “Дьюи Трумэнийг яллаа” гэсэн гарчигтай, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн мэдээллийг тэргүүн нүүрнээсээ давуулж орхижээ.
Гэтэл сонин хэвлэлтэд шилжих шөнө санал тооллогын дүнд огцом өөрчлөлт гарч Харри Трумэний санал нэмэгдсээр эцсийн дүндээ ялалт байгуулах нь тэр. Ялалт байгуулсныхаа дараа Ерөнхийлөгч өнөөх “Dewey defeats Truman” гэсэн гарчигтай мэдээлэл гарсан сониныг жишээ болгон баттай баримтгүй бичих нь ямар гутамшигтай алдаанд хүргэж болохыг сануулсан юм.
Энэхүү зургийг хожим шуудангийн марканд мөнхлөн үлдээсэн байдаг. Сонин гэгч зүйл анх үүссэнээс хойш үед сонинууд болоогүй үйл явдлыг урьдчилан таамаглаж бичих явдал түгээмэл байжээ. Сэтгүүлзүйд үүнийг хориглох ёстой гэсэн ойлголт хаа хаанаа байсангүй.
Харин ийм байдлыг халах хэрэгтэй гэсэн сэдлийг анх өгсөн явдал 1924 онд болжээ. 1923 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тасархай түрүүлсэн Людовика, Вальтер Якобссон нарыг бүгд “Шамонийн олимпийн аварга” гэж нэрлэж байсан бөгөөд ийм бичигтэй зурагт хуудас, ил захидлуудыг худалдаалж байсан гэдэг. Гэвч байдал эсрэгээр эргэж, мөнгөн медаль дээр буусан байдаг.
Ийм сургамжтай үйл явдал болж байсан ч “таах” байдал арилаагүй явсаар 1948 онтой золгосон хэрэг. “Дьюи Трумэнийг яллаа” гэсэн дээрх мэдээллээс хойш сэтгүүлзүйд “тааж бичих” гэсэн ойлголт байх ёсгүй гэдэгт бүгд санал нэгддэг болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна