АНУ-Украины хэлэлцээр: Киевийн зүгээс “Агаар, тэнгист довтолгоо зогсоох” санал тавина гэсэн хүлээлттэй байна

Х.Батсайхан
17 цаг 12 минутын өмнө

Украины Ерөнхийлөгч В.Зелинський өнөөдөр Саудын Арабын Рияд хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио болон бусад албан тушаалтнуудтай уулзалт хэлэлцээр хийх гэж байгаа билээ.

В.Зелиньский өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзахдаа ойлголцоогүйн улмаас Вашингтон Киевт үзүүлж байсан зэр зэвсгийн тусламжаа зогсоож, цэрэг арми нь хүнд байдалд орсон юм. Өөрөөр хэлбэл, арми нь ухарч, ОХУ-ын хяналтад байгаа газар нутгийн хэмжээ илүү томрох эрсдэл үүссэн. Дайн зогсоход хил хязгаар тухайн үеийнхээр шийдэгддэг тул Украин илүү том газар нутгаа ОХУ-д алдах, хэлэлцээрт давуу байдалгүй оролцох зэрэг сөрөг үр дагвар амсах нь зайлшгүй болоод байсан юм.

Тиймээс В.Зелинський Д.Трампаас уучлалт гуйж, дахин уулзалт товлохыг гуйсны дагуу энэ уулзалт болж байгаа юм.

Хэлэлцээр Украины хувьд тийм ч сайн байхгүй гэдгийг уулзалтын өмнөх мэдээллүүд харуулж буй. Тухайлбал, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “Украинчууд энхийг тогтоохын тулд хэдий хэрийн алдагдал хүлээх боломжтой гэж үзэж байгааг олж мэдэхийг хичээх болно” гэж мэдэгджээ.

Түүнчлэн, өнөөдрийн уулзалтын үеэр Киевийн зүгээс дайныг дуусгах үйл явцыг эхлүүлж, эхний ээлжинд “Агаар, тэнгист гал зогсоох” саналыг тавина гэсэн мэдээллийг эх сурвалжууд өгч байгаа аж.  

Хэвлэлүүд энэхүү хэлэлцээрийн үр дүнгээс Украины цаашдын хувь заяа шийдэгдэнэ хэмээн бичиж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна