Мьянмар улсын газар хөдлөлийн гамшигт бусдаасаа илүү нэрвэгдсэн Мандалай мужид ундны ус, хоол хүнс, эм тариа, хөнжил гудас гэх мэт хүмүүнлэгийн тусламж шаардлагатай болсон талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Албан ёсны эх сурвалжийн өгсөн мэдээллээр, гамшгийн улмаас 2065 хүн амиа алдаж, 3900 хүн гэмтэж бэртэн, 270 хүн сураггүй алга болсонд тооцогдож буй. Харин орон гэргүй болсон хүний тоо хэдэн мянгаар тоологдож байна.
Барилгууд нураагүй ч ихэд эвдэрч, бүтцэд нь өөрчлөлт орон багахан хэмжээний чичирхийлэлд нурах аюултай болсон тул иргэд гэртээ орхоос айж, одоо ч гудамжинд хоноглосон хэвээр байгаа аж.
Өнгөрсөн баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Мьянмарын хувьд сүүлийн 100 жилд болоогүй хүчтэй байсан гэж албаны эх сурвалжийн мэдээлэлд дурджээ.
Нурангин доор дарагдсан хүн олон ч багаж хэрэгсэл дутмагийн улмаас дотоодын хүчээр аврах ажиллагааг амжилттай явуулах боломжгүй болон олон улсаас тусламж хүссэн бөгөөд Энэтхэг, ОХУ, Израиль зэрэг улсын Онцгой байдлын албаныхан тусламж үзүүлж байна.
Тайланд улсын тухайд, нийслэл Бангкок хотод нурсан барилгын нурангин доороос аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Барилгын талбайд байсан хүмүүсээс одоогоор 13 хүн нас барж, 74 хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа юм. Тайландад уг гамшгийн улмаас нас барсан хүний тоо одоогоор 20 гэж тоологдож байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна