АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 34 хувийн татвар ногдуулсны дараа БНХАУ АНУ-ын бараанд яг тэр хэмжээгээр татвар ногдуулахаа зарласан билээ. Д.Трамп өчигдөр ногдуулсан татвараа цуцлахыг БНХАУ-аас шаардаж, эс биелүүлбэл 50 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлсэн. Тэгвэл Бээжин энэ сүрдүүлгэд нь автахгүй, сөрөг арга хэмжээ авсаар байх болно гэдгээ өнөөдөр илэрхийллээ.
Ингэснээр Худалдааны дайн улам хурцдаж, энэ чигээрээ байвал дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг хоёул хямрахад ойрхон ирэв.
БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайдын яам өнөөдөр мэдэгдэл хийж, Хятадыг шахах, заналхийлэх нь харилцах зөв арга биш гэсэн бол Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгью CNN телевизэд ярилцлага өгөхдөө “Хятад улс хууль ёсны эрх, ашиг сонирхлоо тууштай хамгаална. Д.Трампын засаг захиргааны нэмэлт татварын бодлого нь бусад улс орнуудын хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, олон улсын дүрмээс давсан эдийн засгийн дээрэлхэлт” гэж ярьжээ.
Цагаан ордны зүгээс зарлахаар төлөвлөж буй шинэ тариф нь АНУ-ын зарим компаниудыг Хятадаас түхий эдээ оруулж ирэхэд 104 хувийн татвартай болгож болзошгүй. ХАрин БНХАУ-ын хувьд худалдааны том хамтрагчаа алдсанаар их хэмжээний алдагдалд орох нөхцөл үүсээд байна.
АНУ-ын Эдийн засгийн задлан шинжилгээний товчооны мэдээлснээр, БНХАУ 2024 онд 462.5 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д экспортолсон бол АНУ эргүүлээд БНХАУ руу 199.2 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна