Олон улсын сансрын нисэгчдийн өдөр өнгөрсөн бямба гарагт тохиосон билээ. Баяр нь тохиосонтой холбоотойгоор хэвлэлд олон сонирхолтой мэдээлэл гарсны нэгийг уншигчдадаа хүргэж байна.
ОХУ-ын ТАСС агентлаг сансрын нисэгчийнхээ тоогоор тэргүүлдэг улсуудыг жагсаажээ. Хүн төрөлхтөн сансрыг эзэмшсэнээс хойш 43 улсын 631 хүн сансарт нисжээ. Эдгээр 43 улсаас сансрын нисгэгчийн тоогоор АНУ тэргүүлж, (369 хүн), хоёрдугаарт ЗХУ/ОХУ (138), гуравдугаарт БНХАУ (24) тус, тус орсон байна.
Японоос 14, Германаас 13 (түүний дотор БНАГУ-аас) хүн сансарт ниссэнээр удаалжээ.
Мөн Канадаас 11, Францаас 10, Италиас 8 хүн сансарт ниссэн байна. Саудын Араб гурван хүнээ сансарт илгээжээ.
Харин сансрын нисэгчдийн дунд сансарт өнгөрүүлсэн нийт хугацаагаар тэргүүлэгч нь Оросын сансрын нисгэгч Олег Кононенко хэвээр байна. Тэрбээр таван удаа нисэхдээ тойрог замд 1110 хоног, 14 цаг, 58 минут, 37 секундыг өнгөрүүлжээ.
Тэрбээр өнгөрсөн жил Николай Чубын хамт Олон улсын сансрын станцад (ОУСС) нэг нислэгээр хамгийн удаан хугацаагаар байх дээд амжилтыг тогтоож байв.
Дашрамд Монгол Улс 1981 онд хүнээ сансарт нисгэсэн бөгөөд Ж.Гүррагчаа дэлхийн 101 дэхь сансрын нисгэгч болж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна