АНУ-ын Худалдааны шүүх Д.Трампыг улс орнуудад дураараа татвар ногдуулахыг хориглолоо

Х.Батсайхан
Өчигдөр 10 цаг 21 минут

Манхэттэнд төвтэй Олон улсын худалдааны шүүх Ерөнхийлөгч Д.Трамп улс орнуудад дураараа татвар ногдуулахыг нь хориглосон шийдвэр гаргажээ. “АНУ-ын Үндсэн хуульд зааснаар, улс орнуудад худалдааны татвар ногдуулах эрх Конгресст хадгалагддаг. Ерөнхийлөгчийн “АНУ-ын эдийн засгийн хамгаалах бүрэн эрх“ үүнд хамаарахгүй” гэж шүүхийн шийдвэрт бичсэн байна.

Хамгийн чухал нь, Шүүхээс Д.Трамп Ерөнхийлөгч болсноосоо хойш Канад, Мексик, БНХАУ-д ногдуулсан гаалийн татварыг хориглосон аж. Шийдвэр хэрэгжвэл дэлхийн хэмжээний том үйл явдал бөгөөд “Худалдааны дайн”-ы өрнөлийг мэдэгдэхүйц зөөллөх юм.  

Д.Трампын Засаг захиргаа энэхүү шийдвэр гарснаас хойш хэдхэн минутын дараа давж заалдахаа илэрхийлжээ.

Шүүх хэний гомдлоор асуудал хэлэлцэв

Д.Трампын хэт өндөр татвар ногдуулсан улс орнуудаас бараа бүтээгдэхүүн оруулж ирж амьжиргаагаа залгуулдаг таван жижиг дунд бизнес эрхлэгчийн нэрийн өмнөөс Эрх чөлөө, шударга ёсны төвөөс шүүхэд гомдол гаргасан юм байна. Гомдол гаргагчид нь тав боловч цаана нь ижил зовлонтой олон бизнес эрхлэгч байгаа чухал асуудал тул Шүүх ч энэ хэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллажээ.

Гурван шүүгчээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн асуудлыг судлаад 1977 онд батлагдсан Онцгой байдлын үед эдийн засгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх тухай хууль”-д татвар ногдуулах онцгой эрх мэдлийг Ерөнхийлөгчид олгоогүй болохыг тогтоосон байна. Улмаар энэ үндэслэлийнхээ дагуу хэргийг шийдвэрлэжээ.  

“Дэлхий даяар татвар ногдуулах тушаал ногдуулах тушаалууд нь Ерөнхийлөгчид хуулиар олгосон эрх хэмжээнээс давсан байна” гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэртээ бичсэн аж.

Д.Трамп улс орнуудад гаалийн татвар ногдуулж эхэлснээс хойш дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон ч өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд зарим шийдвэрээ түдгэлзүүлж, заримыг нь буцааснаар эргээд сэргэсэн. Тэгвэл энэ удаагийн шүүхийн шийдвэр Д.Трампын “АНУ нэгдүгээрт” бодлогын хүрээнд явуулж буй “Худалдааны дайн”-ы галыг эрс намжаах, цаашлаад зогсоох ч магадгүй өндөр ач холбогдол бүхий түүхэн шийдвэр болж байна.

Өнөө өглөө Японы Никкей биржийн индекс 1.5 хувиар огцом өссөн бол Австрали зэрэг бусад оронд ч өсөлт ажиглагджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна