Зуны тэргүүн цагаагчин могой сарын шинийн 9-ний хөх луу өдөр буюу зургаадугаар сарын 4-ний өдөр Дундговь аймгийн Ноён сүрлэг хайрхан Дэлгэрхангай уулын тэнгэрийг тайн тахих тахилга наадам өргөн дэлгэр боллоо.
Тахилга наадамд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Мөнхчулуун, Засаг дарга С.Мөнхчулуун, аймгийн Засаг даргын орлогч, тахилгын ажлын хэсгийн ахлагч Ц.Ариунбаяр нар оролцсон юм. Энэ үеэр Их тахилгат хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг өргөн олонд сонордуулав.
Анх 2006 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Дэлгэрхангай уулыг Дундговь аймгийн тахилгат уул болгон жил бүрийн зуны эхэн сард тахидаг уламжлалтай бөгөөд ийнхүү 19 дэх жилтэйгээ золгож байна.
Тахилгын ёс уламжлалын дагуу ууландаа гарч ургах нарыг угтан, уулын оройд байрлах хэвтэш маягийн Алтан тэвш гэх талбайд уулын тахилгад зориулсан бэсрэг наадмаа хийсэн юм.
Энэ удаагийн тахилга наадамд Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, Өлзийт сум, Гурвансайхан сум, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум, тахилга наадмын ивээн тэтгэгч ХХК-ийн төлөөллүүд болон иргэд оролцож, шагайн харваа, бөхийн барилдаан, хурдан морины уралдаануудыг зохион байгууллаа.
Та бүхэн Дэлгэрхангай уулынхаа авшигийг хүртэж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхын ерөөл өргөе.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна