‍Вьетнам улсын төлөөлөгчид “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Х.Есү
19 цаг 28 минутын өмнө

Монгол Улсын цахим засаглалын хөгжил, төрийн цахим үйлчилгээний шинэчлэлийн бодлого, туршлага, ололт амжилттай танилцах, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ хүрээнд 2025 оны 6 дугаар сарын 9-ний өдөр төлөөлөгчид “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцаж, байгууллагын удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, холбогдох удирдах албан тушаалтнууд болон Вьетнамын талаас төлөөлөгчдийн тэргүүн, доктор Нгуен Нгок Ха тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хэрэгжүүлж буй цахим засаглалын бодлого, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ болох “E-Mongolia” системийн хөгжлийн явц, хэрэгжилтийн бодит үр дүн, ирээдүйн зорилт, чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов. Мөн талууд цахим засаглалын салбарт хуримтлуулсан туршлага, сургамж, сайн жишээг хуваалцаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Вьетнамын төлөөлөгчид Монгол Улсын цахим шилжилтийн бодит ололт, амжилтыг өндрөөр үнэлж, цаашид цахим засаглалын чиглэлээр харилцан туршлага судлах, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сонирхлоо илэрхийлсэн юм. Энэхүү уулзалт нь Монгол Улс, БНСВУ-ын төрийн бодлого, онолын судалгаа, цахим засаглалын хөгжлийн салбарт харилцан суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна