Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан ОХУ-ын Буриад улсын Соёлын яамнаас алдарт Фронт С.Цэгмид гуайн талаар өгүүлсэн баримтат кино бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл "Фронт Цэгмид-Найрамдлын бэлгэ тэмдэг" нэртэй уг бүтээлийг Крымын БНУ-ын Сочид хотноо үзэгчдийн хүртээл болгохоор болжээ.
Найруулагч О.Юмов нь энэ бүтээлээрээ Сочид өнөөдөр эхэлж буй "Еврази-Кинофест" II олон улсын кино фестивальд оролцож байгаа бөгөөд энэ хүрээнд үзэгчдэд хүргэх юм байна.
С.Цэгмид нь 1942 онд 19 настай байхдаа анх Монголын ард түмнээс ЗХУ-ын армид бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг хүлээлгэж өгөх бүрэлдэхүүнд багтаж байсан бөгөөд энэ үедээ авахуулсан зургийг та бүхэн харж байна.
Тэрбээр дараа жил нь буюу 1943 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Москвад дахин очиж, Йосиф Сталинтай уулзсан байдаг юм. Энэхүү уулзалтаас өдгөө амьд сэрүүн байгаа нь ганц Сүрэнхорлоогийн Цэгмид ажээ.
Дэлхийн II дайны үед Монголын ард түмнээс фронтод байлдаж явсан Улаан армийн цэргүүд, Зөвлөлтийн ард түмэнд нэн хэрэгцээтэй дулаан хувцас, хоол хүнс зэрэг бусад бэлэг бүхий зургаан цуваа явуулсан байдаг. Дайны турш гадаадаас ЗХУ-д үзүүлсэн буцалтгүй тусламжийн гуравны нэгийг Монгол Улсаас нийлүүлжээ. ЗХУ-д нийлүүлсэн энэхүү тусламжийн хэмжээ тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцүү байсан гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна