Иран, Ливантай зэрэг "дайтаж" буй Израилийн үйлдэл цөмийн дайны эхлэл болох уу

Х.Батсайхан
5 цаг 42 минутын өмнө

"Иран улс Израилийн цөмийн нууц байгууламжуудад цохилт өгчээ" гэсэн мэдэгдэл өнөө өглөө үүрээр олон улсын хэвлэлээр цацагдахтай зэрэгцэн хоёр улсын асуудал бүс нутгийн асуудал, цаашлаад дэлхийн асуудал болох вий гэсэн асуулт бодитой түгшүүр төрүүлж эхэллээ. Түгших бодит шалтгаан байгаа бөгөөд үүнийг олон хүн өмнө нь зөгнөн хэлж байсанд хэргийн учир оршино. 

Израиль, Ираны хооронд өрнөж байгаа дайныг Израиль итгэлтэйгээр эхлүүлсэн /13-ны баасан гарагийн шөнийн 03.00 цагт Тегераныг бөмбөгдөж эхэлсэн/ билээ. Эндээс "Энэ итгэл хаанаас гарч ирэв. Хэн нэгний даалгавар байв уу" гэсэн хардлага зүй ёсоор гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, дээрээс даалгасан, илүү олон улсыг хамруулах "төлөвлөгөө"-ний эхлэл байх вий гэсэн болгоомжлол шууд төрсөн юм. Тэгвэл харамсалтай нь, энэ болгоомжлол өдрөөс өдөрт биежиж байна. 

Иран, Израилийн дайнд татагдах орох хамгийн ойрын субъектээр Ливаны "Хезболла" бүлэглэл тооцогдож байгаа бөгөөд Ираны дуулианд дарагдаад л байгаа болохоос Израилийн зэвсэгт хүчин одоо ч Ливанд цохилт өгсөөр буй. 

Израилийн арми Ливанд цохилт өгч буй нь. 2025.VI.17 

Энэ нь барууныхан болоод тэдний эсрэг талынхны хувьд урьдын тооцоогоо дуусгах буюу угаасаа төлөвлөгөөний дагуу л явж байж магадгүй гэх хардлага байгаа юм. 

Өөрөөр хэлбэл, АНУ Украины дайныг дуусгахад хүчин чармайлт гаргаж буй мэт жижглээд энхийн цагаан тагтааны дүрээр тоглоомоос гарч, харин дараа нь өөрсдөө далд үлдээд Израилиар дайн өдөөлгөж байна гэсэн санаа. Иран ч Израилийн довтолгоон өртсөн эхний өдрөө л "Алд нь АНУ байгаа. Тэдний зөвшөөрөлгүйгээр ийм хэмжээний үйлдэл гаргах ямар ч боломжгүй" гэж мэдэгдсэн. 

Одоогоос арваад жилийн өмнө АНУ Сири рүү хуурай замын цэрэг оруулах гээд бүтэлгүйтсэн. Угтаа тэд “Сирийн ажиллагаа” амжилттай болсны дараа Их Британитай хамтран Иран руу довтлохоор завдаж байсан юм. Сирийг эзлэн, ОХУ-ыг Газрын дундад тэнгист түшиц газаргүй болгох төлөвлөгөө нь тухайн үед хэрэгжээгүй ч геополитикчид "Иранд удахгүй дайны гал дүрэлзэнэ" гэж итгэлтэйгээр хэлж байсан билээ.

АНУ-ын бодлого тодорхойлолцдог гол хүмүүсийн нэг, Төрийн нарийн бичгийн дарга агсан Генри Киссинжер тухайн үед АНУ-Ираны дайн болбол цаад утгаараа ОХУ, БНХАУ-тай хийх дайн болно гэж тодотгож байлаа. “Бид БНХАУ-д цэргийн хүчээ өсгөх боломж өгсөн. ОХУ-д ЗХУ-ын задралын дараа бие даах цаг өгсөн. Эцэст нь энэ байдал нь тэдний булшны нүхийг ухлаа” гэж тэрбээр хэлсэн байдаг. Түүнийхээр бол АНУ Ойрхи Дорнодын долоон улсын байгалийн баялгийг ашиглахаар нөлөөгөө тогтоогоод байсан бөгөөд одоо энэ ажиллагаа бүтэлгүйтэж дууссан тул өөрийн “галзуу нохой” Израилийг гинжнээс нь суллан тавих гэнэ. Өөрөөр хэлбэл, Израиль улс удахгүй аль болох олон арабыг тэнгэрт илгээх гэсэн ганцхан зорилготойгоор дайн өдөөх бөгөөд байдал ингэж өрнөсний дараа хэрвээ ялагч болж чадвал Ойрхи Дорнодын газар нутгийн тал нь Израилийн мэдэлд очих ажээ.

Иймэрхүү таамаглалыг ОХУ-ын Либерал намын дарга агсан В.Жириновский мөн хэлдэг байсан бөгөөд илүү ч үгүй, дутуу ч үгүй "Иран, Израилийн дайн цөмийн дайн өдөөнө" гэсэн нь одоо ОХУ-д ид яригдаж, хэвлэлд нийтлэгдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна