Израиль-Ираны мөргөлдөөнд АНУ хөндлөнгөөс оролцож, цөмийн байгууламжуудад нь цохилт өгсөн билээ. Энэхүү үйл явдал геополитикийн нөхцөл байдлыг хурцатгаж, алтны үнэ ханш цаашид өндөр тогтох магадлалыг нэмэгдүүлсэн талаар эдийн засгийн сэдвээр дагнадаг хэвлэлүүд мэдээлж байна.
Яг одоогийн байдлаар, алтны үнэ ханш тогтвортой байгаа бөгөөд яг АНУ Иракийн цөмийн байгууламжуудад цохилт өгсний дараа Азийн зах зээлд бага зэрэг буурсан хариу үйлдэл үзүүлсэн.
Гэвч энэ нь АНУ-ын шийдэмгий үйлдэлтэй холбоотойгоор ам.долларын ханш чангарсны нөлөө бөгөөд Иран болон бусад улсуудын хариу арга хэмжээнүүдийн дараа хөрөнгө эргээд алт руу хувирах үйл явц эрчимжих магадлал өндөр юм.
Иран одоогоор Персийн булан руу орох, гарах тээврийн чухал зам болох Ормузын хоолойг хаах талаар хэлэлцэж байна. Тус улсын Парламент уг шийдвэрийг өчигдөр /Даваа гарагт/ баталсан бөгөөд одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвшөөрөл авахаар хүлээж буй.
Шийдвэр хэрэгжиж эхлэхэд газрын тосны нийлүүлэлтийн сүлжээ тасарч, үнэ ханш өсөх хүлээлттэй. Тодруулбал, яг одоо хөрөнгө оруулалт алт биш, газрын тос руу чиглэж байна. Гэхдээ Иран хоолойг хаахыг бусад нь зүгээр хараад зогсохгүй нь тодорхой. Ялангуяа АНУ, Израиль ямар хариу арга хэмжээ авах вэ гэдгээс их зүйл шалтгаалах болоод байна.
Тодорхойгүй энэ нөхцөл байдал алтанд итгэх итгэлийг бууруулахгүй нь ойлгомжтой тул шар метааллын ханш цаашид өндөр хэвээр тогтох магадлал өндөр юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна