Тэтгэврээ хасуулсан ахмадууд буюу баяраараа төрдөө гомдох шалтгаан

Х.Батсайхан
Өчигдөр 09 цаг 12 минут

Өнөөдөр олон улсын "Ахмадуудын өдөр" тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблей 1992 оноос эхэлж, жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр иржээ. Энэ жил ч тэмдэглэнэ. 

Харамсалтай нь, энэ улдаад баяр нь тохиож байхад төр засагтаа нэг л гомдолтой байцгаана. Байгууллагын хувьд ахмадуудаа цуглуулж хоолож ундлаад яриа хөөрөө өрнүүлэх бол байж болох асуудал. Харин төр засгийн түвшинд бол асуудлыг шийдвэрлэж бэлэг барих учиртай. 

Харин ахмадуудын хувьд, баярынхаа өдөр шийдүүлэх асуудлуудаа хэлж яривал дуу хооолой нь хамгийн чанга сонсогддог өдөр юм. Гэтэл энэ жилийн хувьд, тэтгэврээ "хасуулж", ирэх жил амьжиргаа нь илүү муудах нь гэсэн айдастайгаар баяртайгаа золгож байна. Гомдох шалтгааныг нь арай дэлгэрэнгүй хэлж өгье. 

Инфляцийн өсөлт тэтгэврийн нэмэгдлээс илүү гарсан ч хэн ч хариуцлага хүлээхгүй

Монгол Улс цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмэх хуулийн зохицуулалттай. Уялдуулж нэмнэ гэдгийг ерөнхийдөө инфляци 10 хувь байсан бол цалин, тэтгэврийг 10-аас дээш хувиар хувиар нэмнэ гэсэн үг. Инфляци 10 хувь байхад, нэмэгдэл 10 хувь байвал хэмжээндээ байна, нэмэгдэл 15 хувь байвал тэтгэврийг таван хувиар нэмжээ гэж ойлгох ёстой гэсэн үг. 

Одоо тоо бодоод үзье. 2025 онд цалин тэтгэврийг 6 хувиар нэмсэн. Гэтэл инфляци оны эхэнд шууд 9.6 хувь, түүнээс хойш  8-9 хувьд хэлбэлзэж байна. 

Энэ юу вэ гэвэл, 2025 оны тухайд цалин багадаа хоёр хувиар хасагджээ л гэсэн үг. Инфляцийг таах боломжгүй ч төр боломжоороо таамаглаж, тогтоож барих зорилтыг тавьдаг. Харин алдсан бол дараа жилд нь нөхөж тооцож байх ёстой. 

Тэгэхээр, 2026 оны төсөвт тэтгэвэр нэмэгдэх биш, хасагдаж орж ирсэн. 

2026 онд цалин тэтгэврийн нэмэгдлийг оруулж ирэхдээ өнгөрсөн жилээс шилжиж орж ирсэн 2 хувийг суурь түвшин болгож, нөхөж тооцох ёстой байв. 

Гэтэл Засгийн газар  2026 оны Төсвийн төсөлдөө 6 хувиар нэмэхээр оруулж ирсэн. Өнгөрсөн жил 2-3 хувиар алдчихсан болохоор ирэх жил инфляцийг 3-4 хувь байна гэж тооцсон юм байх гээд хартал үгүй. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2026 онд инфляци 8.2 хувь, 2027 онд 7.2 хувь, 2028 онд 6.9 хувь байх төсөөллийг өнгөрсөн зургадугаар сард гаргасан, харин Засгийн газар хагас сарын өмнө 2026 онд "Инфляц 7 хувиас давахгүй" гэж төсөөлжээ.

Өөрсдөө 7 хувиас давуулахгүй гэж төлөвлөчихөөд цалин тэтгэврийг 6 хувиар нэмэхээр оруулж ирэх нь зөв юм уу. Засгийн газрын зорилтот түвшнээсээ 1 хувиар бага байна шүү дээ. Үүнийг санаатайгаар хассан гэж хэлж бүрэн болно.   

Дээр нь өнгөрсөн жил алдаж тооцсоны 2-3 хувь нэмэгдэх ёстой.  

Үнэндээ тэтгэвэр нэмэх биш, хасчихаад Ерөнхий сайдаасаа эхлээд "Тэтгэврийг зургаан хувиар нэмчихлээ" гэж яриад байгаад ахмадууд гомдолтой байна. Өсгүүлчихээд, амьжиргааных нь зардлыг ядаж хэмжээнд нь барихгүй, нүд руурч хасаж байгаа сэтгэлгүй үр шиг л хандаж байгаад нь гомдож байна. 

Мөнгөгүй байж болно, гэхдээ ядаж "Тэтгэврийг чинь хасчихлаа" гэж үнэн яриач гэж гуйж байна.  

Тогтолцоо залууст ч, ахмадуудад ч ашиггүй хэвээр байна

Дээр үед улс орны хөгжлийн тулгуур багана нь байгалийн баялаг, аж үйлдвэр, ажиллах хүч байсан бол одоо технологи, хуримтлал гэсэн хоёр тулгуур бусдаасаа илүү жин дарах болжээ. Өнөөдөр дэлхий дээр технологи, хуримтлалтай улсууд илүү амжилттай байж, байгалийн баялаг, ажиллах хүчтэй улсуудад нөлөөгөө тогтоож байна. Хуримтлалын сангууд дотроо Тэтгэврийн сан хамгийн том, иргэдийн амьдралд нөлөөтэй нь байх юм. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа иргэн тэтгэвэрт гараагүй байхдаа л үр шимийг нь хүртэж байдаг байна. Гэхдээ энд хүртлээ нэлээд зам туулдаг бололтой. Манай улсын хувьд энэ зам руу орох уу, байх уу хэмээн дэгэж дэрвэж байгаа гэж төсөөлж болно. Гэхдээ дэгэж дэрвэсээр олон жил боллоо. 

Тэтгэврийн "Нэрийн данс"-ыг мөнгөжүүлэх асуудал олон жил яригдсан ч өнөөдрийг хүртэл шийдсэнгүй. Хоосон бичилт хийж, тэтгэвэр тогтооход баримжаа болгох төдийгөөр ашигласаар өнөөдрийг хүрэв. Мөнгөжүүлэхэд мэдээж, эх үүсвэр хэрэгтэй. Гэхдээ Монголд ашигт малтмалын ордууд бий. Нэг ордоо эргэлтэд оруулаад тэтгэврийн санг мөнгжүүлж болно. Эсвээс түрүүлж тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлээд явж болно. Арга олон ч хийх төр засаг алга.    





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна