МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо Дэлхийн ахмад дайчдын холбооны хуралд оролцлоо

Х.Есү
2025/10/06

Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо тэргүүтэй төлөөлөгчид Мароккогийн Хаант Улсын нийслэл Рабат хотноо 2025 оны 9 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан "Ахмад дайчдын эрүүл мэндийн асуудал, тэдний үүрэг, оролцоо" сэдэвт олон улсын бага хуралд амжилттай оролцлоо.

МЦНХ-ны төлөөлөл Дэлхийн Ахмад Дайчдын Холбооны тэргүүн, Мароккогийн ахмад дайчдын холбооны Ерөнхийлөгч ноён Эль Мустафа эль Ктиритэй уулзаж цэргийн ахмад дайчдын холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахад Талууд бэлэн байгаагаа илэрхийллээ.

May be an image of 4 people and text

Тус хуралд Дэлхийн ахмад дайчдын холбоо, Мароккогийн Засгийн газар, цэргийн болон иргэний эрүүл мэндийн байгууллага, их дээд сургууль, судалгааны хүрээлэнгийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид оролцож, хэлэлцүүлэг хийв.

Хэлэлцүүлэгт оролцогчид ахмад настан тэр дундаа тэтгэвэр, чөлөөнд байгаа ахмад дайчдын эрүүл мэндийг хамгаалахад тулгарч буй нийтлэг асуудал, хагалгааг дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухаан ашиглан хийх, эмийн хүрэлцээ, эмийн үйлдвэрийн аюулгүй, найдвартай байдал, эрүүл мэндийн салбарын удирдлагын тогтолцоонд тулгамдаж буй асуудал, хүний нөөц, сургалт судалгаа зэрэг эрүүл мэндийн салбарын өргөн хүрээг хамарсан асуудлаар санал солилцож, асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааны талаар санал дэвшүүлэв.

МЦНХ-ноос цэргийн тэтгэвэрт байгаа ахмад настны хам шинжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас боловсруулсан аргачлалын дагуу үнэлгээ хийсэн Гавьяат эмч, доктор, бэлтгэл хурандаа Рендоогийн Даваадоржийн судалгааны үр дүнг танилцуулж, өөрийн орны туршлагаас хуваалцав.

May be an image of 10 people and dais

Энэхүү Ахмад настны цогц тусламж, үйлчилгээ (ICOPE - integrated care older people) үзүүлэх заавар удирдамжийг ДЭМБ-аас 2021 онд боловсруулж, улс орнуудад өөрийн нөхцөлд тохируулан үе шаттай хэрэгжүүлэх зөвлөмжийг өгсөн байдаг.

Монгол улсын хувьд Цэргийн төв эмнэлгээр үйлчлүүлсэн цэргийн тэтгэвэр, чөлөөндөө гарсан ахмад настанд Эрүүл мэндийн яамнаас 2024 онд баталсан ахмад настны өвчлөл, доройтолд хүргэдэг үндсэн 6 хам шинжийн хүрээнд цогц үнэлгээ хийж, дүгнэлт гаргажээ.

Энэхүү судалгаанд 392 ахмад настан хамрагдсан бөгөөд тэдний 86.7% нь хөдөлгөөний чадвар бууралттай, 86% нь харааны бэрхшээлтэй, 78.3% нь сонсгол бууралттай, 20% нь сэтгэл гутралтай, 25.3% нь нийгмийн халамж үйлчилгээ шаардлагатай гэсэн үзүүлэлт гарсан байна.

Мароккогийн хувьд дээрх ДЭМБ-аас боловсруулсан судалгааг хараахан хийгээгүй байсан нь манай улсын туршлага тэдэнд шинэлэг байв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.211
    2025/10/07

    Хөгшин хүмүүс чинь юу гэж хүүхэд залуучууд шиг бие бялдартай байх юм бэ???

    Хариулах